Бразилийн мужуудад Toyota Corolla унахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2010.04.24-нд нийтлэгдсэн

Бразилийн мужуудад Toyota Corolla унахыг хориглолоо

“Toyota Corolla” аюулгүй байдлын стандарт бүрэн хангаагүй гэж үзсэний улмаас Бразилийн зарим мужуудад тус машин жолоодохыг хориглосон шийд гарсан байна. Minas Gerais мужийн захиргаа тус машин дотор нь яваа хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж буй учир ийм шийд гаргалаа гэж зарласан. “Toyota” загварын машины шалны хулдаас нь хурдасгуур педалийг гацааснаас тус мужид “Corolla” загварын машинтай холбоотой есөн ноцтой осол гарсан гэж дурдсан. “Toyota Motor Corp” компани одоогийн байдлаар дэлхий даяар найман сая машинаа буцаан дуудаж засвар хийж эхлээд байгаа. Машиндаа засвар хийх болсон гол шалтгаан нь хурдасгуур педаль болон тоормосны согогтой холбоотой. Энэ оны хоёрдугаар сараас АНУ Corolla загварын автомашинд шалгалт хийж байгаа бөгөөд АНУ-д тус загварын машины гэмтэлтэй холбоотойгоор 34 хүн амиа алдсан гэж иргэд буруутгаж байгаа юм. 1960-аад онд анх “Corolla” загварын автомашин үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 30 орчим сая хувь зарагдсан. Харин Minas Gerais мужид хэдэн ширхэг ийм загвар байгаа нь тодорхой биш байна.

Энэ долоо хоногийн эхээр “Toyota Motor Corp” компани автомашиных нь хурдасгуур педальтай холбоотой согогыг АНУ-ын холбогдох Засгийн газрын байгууллагуудад цагт нь мэдээлээгүйн төлөө оногдуулсан 16.4 сая ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн. Японы автомашин үйлдвэрлэгч согог нуун дарагдуулсан гэдгийг эсэргүүцэж байгаа хэдий ч ийм асуудал үүсэхээс зайлсхийх боломжтой байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ долоо хоногт “Toyota Motor Corp” комапни дэлхий даяар 34,000 ширхэг “Lexus GX 460” болон “Land Cruiser Prado SUV” жийп автомашиныг эргүүлэн татаж засвар хийх шийд гаргасан. Эдгээр автомашинуудад тогтвортой байдлыг хянах шинэчилсэн программ суулгах шаардлагатай эс бөгөөс хурдтай давхиж яваад тойрог дээр эргэх үед түлшний сав болон жолооч зүүн талд нэгэн зэрэг байрлаж байгаа нь энэ талыг илүү хүнд болгож, тойргон дээр машин өнхрөх эрсдэл бүрдүүлж байна гэж үзэж байгаа юм. Үүнээс долоо хоногийн өмнө АНУ-ын Хэрэглэгчийн тайлан байгууллага “Lexus GX460” загвар өнхрөх эрсдэл өндөртэй байна гэсэн сануулгыг нийтэд зарласан байсан. Энэ засварын хүрээнд “Toyota” компани АНУ, Канадад зарсан 10,000 орчим автомашинаа эргүүлэд дуудаж засвар хийх гэж байна. “Toyota Motor Corp” мөн “Sienna” загварын 600,000 ширхэг миниван машинаа эргүүлэн дуудах гэж байгаагаа зарлаад байна. Замын давсанд удаан хугацаагаар ил байсны улмаас нөөц дугуйны кабель богино хугацаанд хэт их зэвэрч, явдал дунд нөөц дугуй унах эрсдэлтэй байгаа юм байна. 2008 онд “Toyota Motor Corp” компани АНУ-ын “General Motors” компанийг гүйцэн дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болсон. Хурдан өсөн тэлж байгаа өсөлтийг нь чанарын хяналт гүйцэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Автомашины аюулгүй байдалтай холбоотой асуудлаар тус компаний гүйцэтгэх захирлуудыг АНУ-ын Конгресс хатуу шүүмжилсэн юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж