Супер нэгдлээс тарсан монголчууд хүртэл…

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Супер нэгдлээс тарсан монголчууд хүртэл…

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр үдээс өмнө иргэдийн хөлд дарагдлаа. Түүний анхны зочин нь супер нэгдлийн онолч, судлаач Ч.Эрдэнэ байв. Ч.Эрдэнэ сүүлийн 20 гаруй жилийн турш хоёр томоохон судалгаа хийж “Их гурвалжин” ном туурвиснаа Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Судлаач сүүлийн 12 жилийн турш онолын физикийн судалгаа хийж, 1923 онд Альберт Эйнштейний дэвшүүлсэн Ертөнцийн бүрэн төгс онолын талаар бүтээл туурвисан юм байна. Судлаач Ч.Эрдэнэ уг судалгаагаа “Principae Mathematica” нэрээр мянга гаруй хуудастай ном болгон хэвлүүлэх гэж байгаагаа Ерөнхийлөгчид танилцуулав. Уг бүтээлийг “The Physical revive” сэтгүүлд бүртгүүлж Супер нэгдлийн онолыг судалгааныхаа үр дүнд бүрэн нээж чадсан гэж үзжээ.
Хэдийгээр бүтээл нууц байх ёстой ч судлаач Ч.Эрдэнэ нуухгүй байгаагаа хэлсэн юм. Гэхдээ шинжлэх ухааны нээлт цаг, минут, секундээр хэмжигддэг тул хугацаа алдалгүй дэлхийд таниулах хэрэгтэй байгааг супер нэгдэлчин Ерөнхийлөгчид дуулгаж, Ерөнхийлөгч ч хүлээх авч буйгаа мэдэгдлээ.
Түүний дараа УИХ-ын гишүүн З.Алтай тойргийнхоо иргэдийг дагуулан бараалхлаа. Тэд “Модун сайн хаан” гэрэлт хөшөөт цогцолбор байгуулах төслийг санаачлагчид ажээ. Төсөл санаачлагч н.Дорждэрэм, архитекторч н.Энхтүвшин нарын  ярьснаар Хүннү гүрний 2222 ой удахгүй тохиох бөгөөд түүний түүх соёл, өв уламжлал, ховор нандин олдвор, хөшөөт байгууламж зэргийг олон нийтэд сурталчилан таниулж, үндэсний хэмжээний томоохон цогцолбор байгуулах зорилготой байгаа ажээ.
Ерөнхийлөгч төслийн зураг төсөлтэй танилцаад Монголын түүх соёлыг сурталчлах зорилгоор цогцолбор байгуулах иргэд, байгууллагын хэдэн хэдэн санал санаачилга байгааг хэллээ. “Эдгээрийг нэгтгэж хоорондоо уялдаа холбоотой цогцолборуудын чуулга байгуулах талаар судалж үзэх хэрэгтэй. Энэ нь түүх соёл, үндэсний бахархлаа эрхэмлэн дээдлэхэд томоохон ач холбогдолтой” гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Модун хааны цогцолборыг Яармагийн дэнжид байгуулах саналтай байгаа ажээ.
Тэдний араас Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, хэлмэгдэж явсан зүтгэлтэн Ц.Лоохууз нарын хүмүүс  Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Тэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хамтарч ажиллах санал тавив. Бас хүний эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаагаа танилцууллаа. Хүний эрхийн салбарт онцгой амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хүний эрхийн одон” гардуулдаг байх саналыг дэвшүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний саналыш судалж үзэхээ хэлж байв. Мөн цаазаар авах ялаас Монгол Улс татгалзахаа илэрхийлсэн нь хүний эрхийг хангах чиглэлд хийж байгаа нэг алхам гэлээ. Ахмадууд мөн Сүхбаатарын талбайг Тусгаар тогтнолын талбай болгох, уул уурхай тийш хошуурах бус мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулах, Богд ууланд зөвшрөөлгүй барьсан барилгуудыг буулгах зэрэг санал хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхагчдын хамгийн залуу нь “Электрон жал” хэмээн нэршсэн, Монголын хамгийн залуу багш  “Ес эрдэм” бүрэн дунд сургуулийн захирал Э.Энхпүрэв байлаа.  Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 2004 онд Э.Энхпүрэвтэй уулзаж байжээ. Энэ талаараа хуучны танилууд дурсацгалаа. Тэр үед богино хугацааны эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хүүхэд залууст боловсрол олгох төсөл санаачилж байсан хүү өнөөдөр захирал болж өөрийнхөө сургуулиар 40 гаруй хүүхдэд бүрэн дунд боловсрол олгож 300 гаруй сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгажээ. Өнгөрсөн жил Японы NHKсувгаас Э.Энхпүрэвийн сургалтын тухай 14 хоногийн хугацаанд ажиглалт хийж баримтат кино бүтээжээ. Мөн Японы Боловсролын яамнаас түүний сургалтын технологийг таван жилийн турш ажиглаж хамтран ажиллах тухайгаа шийдэхээр болсон байна. Э.Энхпүрэв дэлхийн боловсрол гэж хошуурахаасаа өмнө Монголын боловсролд анхаарах хэрэгтэй гэж байлаа. 12 жилийн боловсрол гэх биш хурдавчилсан хугацаанд, найман жилээр боловсрол өгч болохыг ч хэллээ.
Дэлхийн энгээр тарсан монголчуудаа эрэн суралжилж, тэдний талаар судагаа, нэвтрүүлэг бэлтгэсэн бүсгүйчүүд болох н.Санчирмаа, н.Цэрэн нар баримтат киноныхоо дээжтэй дараа нь бараалхлаа. Тэд “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын төлөөлөгчид юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  ийм турьхан бүсгүйчүүд Афганистан, Иран, Турк, Хятадын өргөн уудам нутгаар явж элэг нэгтнүүдээ эрэн сурвалжилсанд талархаж байлаа. Тэд Хятадын Ганьсу муж дахь монгол угсаатан болох дунсианьчуудын тухай “Тэнгэр уулын аялгуут түмэн”, Афганистанд амьдардаг Хазаруудын тухай “Хайртай гэж хэлж өгөөч”, Шинжааны Ойрадуудын тухай “Цастын монголчууд”,Турк, Иран дахь Ил хаант улсын монголчуудын удмын тухай зэрэг 15 ангит баримтат кино бүтээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний энэхүү эх түүхээ хайрласан, хүмүүст мэдлэг мэдээлэл өгсөн нэвтрүүлгийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж