
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мал хаваржилтын байдал хийгээд малчдад учирсан хохирлын талаар мэдээлэл хийлээ. Өвөлжилт хүндэрснээс 175 сумын 97.5 мянган малчин хохирол амсаж, дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар 6.9 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Нийт малын хорогдлын 90.7 хувь нь зудтай байсан Архангай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад хамаарна. Мал их хэмжээгээр хорогдсоноос малчдад 63.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөн 8711 малчин өрх огт малгүй болсон буюу цөөн тооны малтай үлдсэн. Тиймээс Засгийн газраас малжуулах түр журам боловсруулсан. Журамд тусгаснаар малжуулах төслийн хүрээнд нэг малчин өрхөд хоёр морь, гурван үхэр, 40 хонь өгөхөөр тооцож, 40 сая төгрөгт багтаахаар төлөвлөжээ. Төсөлд хамрагдсан малчин зээлээ таван жилийн дотор багтаан эргэн төлнө.
Гэхдээ малчдыг дан ганц малжуулах төсөлд хамруулснаар амьжиргааны эх үүсвэртэй нь залгуулж чадахгүй. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгох зээлийг малгүй болсон иргэдийг ажлын байраар хангахад зориулсан ажлын байр шинээр бий болгох төсөлд олгох. Түүхий эдийн бирж байгуулахтай холбоотойгоор түүхий эдийн ялгалт зэрэг анхан шатны ажилд туслуулах чиглэлээр ажлын байраар хангах боломжтой гэж үзжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболдоос гадна Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Ж.Сауле, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Г.Дарь