Эрдэмтэд үүнийг өөрөөр илэрхийлж байна. Эдинбургын их сургуулийн цаг уур судлалын профессор Chris Merchant “Тэнгэр ер бусын тунгалаг, хөх байсан. Энэ нь уг бүсэд агаарын даралт өндөр байгаатай холбоотой. Гүн хөх туяатай байгаа нь онгоцны хөдөлгүүрийн нөлөөлөл бага байсныг харуулж байна” гэж ярьж байна. Хэдийгээр нислэгүүд зогсож, зорчигчид бухимдалтай байсан ч тэнгэрт ганц ч онгоц харагдахгүй байсан нь өөр нэгэн төрлийн баяр бахдалыг Европчуудад төрүүлсэн. Энэ нь яг л илүү цэвэрхэн, агаар мандал бохирдолгүй, амьдрал илүү тайван, яарах зүйлгүй тэр мартагдсан цаг үеийг сануулах шиг болсон. Мөн байгаль ямар хүчтэйг хүн төрөлхтөнд сануулсан үйл явдал болсон. 1991 онд Филиппинд “Mount Pinatubo” галт уул дэлбэрэхэд асар их хэмжээтэй сульфурын хүчил агаар мандалд дэгдэж, нарны туяаг халхалснаас дэлхийн дундаж градус Фарангейтын нэг хэмээр /Цельсийн хагас хэмээр/ буурч байсан юм. 1783 онд Исландын галт уул дэлбэрснээс хорт утаа, үнснээс болж олон арван мянган хүн нас барж байсан бөгөөд Европ, Хойд америкт цаг уурын хүчтэй хүйтрэл мэдрэгдэж байсан.
“Тэдгээр дэлбэрэлтүүдээс ялгаатай нь Исландын утаа тоосонцор стратосфер буюу дэлхийн газрын гадаргаас 12 км-ийн өндөрт орших агаар мандлын давхаргад хүрч тогтоогүй. Хэрвээ тэр давхаргад хүрсэн бол утаа тоосонцор газар буутлаа нэгээс хоёр жил болох байсан. Хэрвээ Исландын галт уул оргилж, утаа цацсаар байвал энэ зун Европт илүү хүйтэн болох болно” гэж “University of Copenhagen” их сургуулийн цаг уурын шинжээч Eigel Kaas ярьж байна.
Хүлэмжийн үзэгдэлд хүчтэй нөлөөтэй нүүрсхүчлийн хий энэ үеэр хэр бага ялгарсан бэ гэсэн асуулт өөр тооцоо дагуулна. Дундаж өдөр Европын агаар мандлаар нисэж байгаа онгоцууд 400 мянган тонн нүүрсхүчил /CO2/ ялгаруулдаг гэж Европын байгаль хамгааллын агентлаг тооцоолсон. Онгоц нисээгүй өдрүүдэд энэ хэмжээ хоёр гаруй дахинаар буурсан. Гэвч онгоц нисэхгүй байсантай холбоотойгоор хүмүүс хот хооронд машин болон бусад унаагаар зорчих нь эрс нэмэгдсэн нь энэ тооцоонд нөлөөлөх болно. Тиймээс нүүрс хүчлийн хий илүү ялгарсан уу, бага ялгарсан уу гэдгийг тооцоолоход төвөгтэй байна. Мэдээж үүн дээр галт уулны өөрийнх нь ялгаруулсан нүүрсхүчлийн хийг нэмж тооцох хэрэгтэй. Галт уулын дэлбэрэлт агаар мандал, физик орчинд нөлөөлснөөс гадна хүмүүсийн сэтгэл зүй, хэв байдалд олон талаар нөлөөлсөн байж магадгүй. Тухайлбал энэ үеэр олон байгууллага хувь хүмүүс өмнө нь нисэж очоод уулздаг байсан асуудлуудаа телеконференцээр хэлэлцсэн бөгөөд хол буюу гадаадад байгаа хүмүүсээс ажлын ярилцлага авахдаа видео уулзалтууд хийсэн байна.
Т.Санаа