Дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас Баруун Европын орнуудад зээл өгч, хөл дээр нь босгохоос гараагаа эхэлсэн энэ байгууллагын үйл ажиллагаа зөвлөж, тусалсан бүх орныхоо эдийн засгийг дандаа аварч байсан гэвэл худлаа болно. Ялангуяа ядуу буурай орнуудад өгсөн зээлийн үр дүнг судлаад үзэхэд тэгтлээ баярлаж сайшаагаад байх юм биш гэдгийг түүх харуулдаг.
Үүнийг батлах мэт Монгол Улсын Шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболд “Дэлхийн банкнаас зээл, тусламж аваад баяжчихсан улсын түүх хаана ч байхгүй” хэмээсэн удаатай. Энэ талаар манай сонин өмнөх дугаартаа онцлон дурдаж байсан. Тэнд “Дэлхийн банкнаас 25 жилийн хугацаатай зээл авсан ядуу буурай болон хөгжиж буй 66 орны 37-д нь эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүйгээр үл барам дордсон” гэнэ. Үүний жишээнд Никарагуа, Нигер зэрэг орныг дурдаж болох бөгөөд харин хөгжсөн цөөн тохиолдлын тэргүүнд Сингапур, Хонгконгийг нэрлэсэн нь бий.
ДЭЛХИЙН БАНКНЫ ЗАХИРЛЫН АЙЛЧЛАЛААС ХОЙШ
10 САРЫН ДАРААХ ДЕСАНТ
Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн “Дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийг баталсан. Энэ бол Дэлхийн банкны Монгол Улстай харилцах, хамтран ажиллах үйл ажиллагаанд гарсан нэг ахиц. Мөн Дэлхийн банкны захирал, ноён Хун Хосе Дабуб өнгөрсөн оны зургадугаар сарын эхээр Монгол Улсад айлчилж, төр, засгийн удирдлагуудтай уулзаж байв.
Ингэхдээ “Та бүхэнд тулгарч байгаа бэрхшээлүүдээс хамгийн их анхаарууштай нь нийгмийн асуудал. Нийгмийн хамгааллын салбарт одоогийн хөтөлбөрүүдээс гадна тодорхой хэмжээний бүлэг хүмүүст чиглэсэн төсөл хэрэгжүүлэх боломжтой. Энэ талаар бид дэмжлэг үзүүлж болно. Уул уурхайн салбарын хувьд Засгийн газраас хийж буй ажил зөв зүйтэй. Бид танай уул уурхайн салбарыг ард түмэндээ үр шимээ өгөөсэй гэж хүсч байна. Дэлхийн банк өөрийн зүгээс дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд дэмжлэг үзүүлэхээс өөр зорилго байхгүй” гэж байв.
Харин тухайн үед тэр захирлыг хүлээн авч уулзсан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг “ Монгол Улс олон жижиг арилжааны банктай, эргэлтийн хөрөнгө багатай нь хямралын энэ үед эрэлт шаардлагад хүрэхгүй байгаа юм. Энэ бэрхшээлийг даван туулахад дэмжин тусалж, хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн бөхөлзсөнийг санаж байна.
Хариуд нь Дэлхийн банкны захирал “Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд банкны салбар үр дүнтэй сайн ажиллаж байж амжилт олно. Энэ салбараа тогтвортой хөгжүүлж чадахгүй бол нийгмийн бусад салбарт сөрөг нөлөөүзүүлэх талтай. Банк ашиггүй ажиллаад эхлэхээр шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал хүнд байдалд ордог. Тиймээс сөрөг нөлөөллийг багасгахын тулд тодорхой хээмжээний дэмжлэг үзүүлж байгаа, цаашид ч энэ туслалцаагаа үргэлжлүүлнэ” хэмээсэн.
Тэдний хоорондох энэ ярианаас хойш яг 10 сарын дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд Дэлхийн банкны шугамаар зарим орны банкны мэргэжилтэн төлөөлөгчид уригдан ирэв. Энэ хооронд Монголын хоёр арилжааны банк нэгдсэн, хоёр нь “хаалгаа” бариад байсныг дурдах хэрэгтэй. Ингээд Дэлхийн банк, Монголбанктай хамтран “Банкны бүтцийн талаарх дэлхий нийтийн туршлага” сэдэвт зөвлөгөөн боллоо.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ ЦӨӨРҮҮЛЭХ ДИКТАТУРЫН
АРГА ДЭЭР САНАЛ НЭГДЭВ
Тэр зөвлөгөөнөөр Монголбанкнаас удахгүй хэрэгжүүлэх гэж буй банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд гадны шинжээчдээс зөвлөгөө авах зорилготой хэмээн танилцуулсан. Тэд “Дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс тэгтлээ айхавтар нэрвэгдээгүй ажээ. Монголын хувьд хамгийн эмзэг цэг нь банкны салбар юм байна” гэж оношлон ярьж байв. Дэлхийн банкны мэргэжилтнүүд “Танай улс банкны системдээ бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Тэгэхгүй бол танай арилжааны банкууд бизнесийн салбараа зогсонги байдалд оруулахаар байна” хэмээн онцолсон. Ингэхдээ арилжааны банкуудаас урьтаж Монголбанкинд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Улстөрчдөөс ангид байлга” гэж зөвлөсөн. Энэ оргүй зүйл биш ээ.
Яагаад Монголбанк арилжааны банкуудад шалгалт хийгээд “Хэвийн ажиллаж байна” гэсэн дүгнэлт гаргаад байхад зарим банкны байдал хэдийнэ хүндэрчихсэн байв? “Анод” банкны хувьд л гэхэд олон удаагийн шалгалтаар зөрчил илрэхгүй байсан. Бараг цагдаа, тагнуулынхан оролцож байж, дээр нь Монголбанкны хяналт шалгалтын газрынхан олон улсын банк санхүүгийн салбарт шалгалт хийдэг янз бүрийн арга туршлагыг хольж хэрэглэн ёстой л мэргэжлийн ур чадвараараа илрүүлсэн. Гэтэл илрүүлсэн хойно нь гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах ажил дэндүү удаашралтай явж байгаа нь үнэн. Үүнийг улс төрөөс холдуулж ойлгох аргагүй. Банктай улстөрчид, улстөржсөн банкируудын цус ойртолтыг эмчилж илааршуулахад ихээхэн хөрөнгө хүч шаардагдах биз ээ.
Энэ талаараа Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн зөвлөгөөтэй санал нэг байна. Нөгөөтэйгүүр Монголын банкуудын олонхи нь гадныхны мэдэлд байна гэдэг тэдний дүгнэлт бас л бултах аргагүй үнэн.
Тэр ч байтугай энэ оны эхэнд Японд болсон нэгэн албан ёсны уулзалт дээр Японы тал Монголын банкуудын аккредитивыг Монголын Засгийн газар хариуцах ёстой гэсэн утгатай шаардлагыг манай талд гардуулсан. Ингэхдээ “Нээсэн аккредитиваа Монголын банк төлж чадахгүй байна гэдэг нь Монгол Улс банкгүй болсонтой адил биш үү” хэмээн шүүмжилснийг эх сурвалж мэдээлж байсан. Гашуун сонсогдох ч гарцаагүй үнэн энд байна. Монгол Улс арав гаруйхан банктай, түүний дийлэнх нь Орос, Япон зэрэг гадны хөрөнгө оруулагчдын гарт, хувьцаа эзэмшигчид нь Монголын улс төр, бизнесийн хүрээнийхэн гээд бодохоор дэндүү давчуу, явцуу орон зайд банк үйл ажиллагаагаа явуулж байна. Үнэн хэрэгтээ зарим банкны жинхэнэ эздийг мэдэхгүй байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхимд нуулгүй хэлж байсан ч удаатай юм шүү.
Харамсалтай нь ажлынхаа гүнд орж, үүнийг цэгцлэхийн оронд арилжааны банкуудыг цөөрүүлэх тухай ярьж эхэлсэн нь түгшүүр төрүүлэв. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж анх томилогдсоныхоо дараахан хийсэн мэдэгдлүүдээс хамгийн эхэлж олныг цочирдуулж, дүргүйцлийг хүргэсэн алхам нь энэ байв. Мэдээж олон жижгээс цөөн чанартайг илүүд үзэж байгаа нь ойлгомжтой. Гол шалтгаан нь томоохон зээл өгөх чадваргүй, заримдаа 2-3 банк нийлж байж том эх үүсвэрийг бүрдүүлдэг гэсэн гомдол газар авсных байж болох юм. Гэхдээ жижиг гэгдээд байгаа арилжааны банкууд бизнесийн хэчнээн байгууллагын “голыг зогоож” явааг судалж үзэх нь зөв биз ээ. Айхавтар том хэмжээтэй биш боловч тогтвортой, найдвартай, зугуухан үйл ажиллагаа явуулж, үүргээ биелүүлж байгаа хувийн банкуудад халдах нь оновчтой хувилбар биш.
Харин “Гал дээр тос нэмэх”-ийн үлгэрээр Дэлхийн банкны мэргэжилтнүүд түүний саналыг дэмжсэн санаануудыг саяын зөвлөгөөний үеэр хэлж байсан нь анхаарал татлаа. Тухайлбал “өөрийн орны туршлагаас” ярьж буй тэр хүмүүсийн ярианд эхлээд банкны тоог цөөлөөд цэгцэлсэн чинь байдал аятай саяхан болоод явчихсан гэсэн санаа давтагдаж байв. Энэ нь зохион байгуулалттай юм биш биз гэсэн ажиг сэжиг ч төрүүлж байх юм.
НЭГ ОРНЫГ НӨГӨӨ ОРОНД МУУЛАХ ГАЖ ТАКТИКААС ТЭД ЮУ ХОЖДОГ ВЭ

Нөгөөтэйгүүр Дэлхийн банкны хийж буй ажлын бас нэг хэсэг нь банкны мэргэжилтнүүд туршлагаа солилцдог явдал. Хөндлөнгөөс харахад глобал, гоё арга мэт харагддаг. Хүндрэлийг яаж даван туулснаа яриад л, зөвлөж, анхааруулаад л. Үнэн хэрэгтээ хөгжлийн нууц, давуу чанараа ямар ч сайн хөрш орондоо яриад байдаг энэ арга цаанаа юу нууж байгаа бол гэж бодмоор. Гаднын нэг улс орноос ирсэн эдийн засагч хэдэн хуудас илтгэл бэлдээд ирчихсэн. Түүнийгээ график зураг, судалгааны үзүүлэлтүүдтэй дэлгэцэн дээр тайлбарлаад л байна.
Зарим нь өөрийн орны тухай, заримдаа намайг тэнд ажиллахад тийм юм билээ гэж ёстой л далан булчирхайгаа нь тоочиж байх юм. Сонсогчдоос хэн ч ямар ч тоо баримт асуусан түгдрэлгүй хэлж өгөөд л. Өнөөх үндэсний аюулгүй байдал, төрийн хар хайрцагны бодлого, нууц тоо баримтууд огт хамаагүй. Дээрх сайхан туршлагыг сонсч байхад манайхаас ч гэсэн хэн нэг нь очоод ингэж ярих ёстой юу гэж эрхгүй бодогдоно. Зөвхөн мэдээлээд, санал бодлоо илэрхийлээд зогсохгүй дүгнэлт гаргадаг гэж байгаа. Энэ удаад ч гэсэн Монголбанкны удирдлагууд Дэлхийн банкны шинжээчдээр дүгнэлт гаргуулан өөрсдийн боловсруулсан “Монгол Улсын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг” дэмжүүлээд авлаа. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулан байж урьж ирүүлсэн гол зорилго нь энэ. УИХ Монголбанкны боловсруулсан төлөвлөгөөг өөчилж, гоочлоод, дахин хийж ир гээд нүүр рүү нь шидэх магадлал өндөр. Үүнийг Дэлхийн банкаар дэмжүүлбэл “Дэлхийн банкийг эсэргүүцэх”-ээс айгаад хүндэтгэн хүлээж авч магад. Дээр нь улстөрчдийг банкнаас хол бай гээд хэлүүлчихсэн. Одоо хэмжээгүй эрхт, халдашгүй дархан Монголбанк хараат бусаар ажиллаж арилжааны банкуудаас алийг нь сорчилж авч үлдэхээ өөрсдийн шалгуураар шийднэ гэсэн үг үү. Үүний л төлөө Дэлхийн банкнаас зочин урьж, зөвлөгөөн зохион байгуулсан дүр зураг харагдаж байна. Монголын эдийн засгийн урдаа барьдаг, учир мэдэх хүмүүс ч энэ талаар хатуу үг чулуудсан байдаг. Тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Монгол Улс Дэлхийн банктай, банкгүй болно. Тэд хийсэн ч, хийгээгүй ч үр дүн нь ижилхэн гарна” хэмээсэн удаатай. Үнэндээ зөвлөгөөг ажил гэхэд хэцүү л дээ. Тэр тусмаа ерөөж, хараагаад байгаа юм шиг “чинжүүтэй зөвлөгөө”-г авах ч хэцүү, хаяхад ч бэрх.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл “Дэлхийн банкны төлөөлөгч Монгол Улсад ирээд, эдийн засгийг нь ашиглан мөнгөний мониторинг туршилт хийж байна” хэмээсэн. Дээрх туршлага солилцох “глобал тактик”-ийн ард ийм зүйл нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй.
Дэлхийн банкны зөвлөмжид гол төлөв хөгжиж буй орнууд аль салбартаа ямар төрлийн ажлыг даруй хийх хэрэгтэй байгаа, үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатайг дурдаад бид тусалж болох юм гэдэг. Яг өлссөн хүнд хоол харуулаад “идье гэвэл…” гэдэгтэй адил. Энэ удаад ч “Танайх банкны салбараа аваръя гэвэл маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид тусалъя” гэсэн санаа хэлж буй. Мөн эрчим хүч, цэвэр ус гээд олны анхаарлын төвдэх эмзэг сэдвийг барьж авч хөрөнгө оруулж байгаа тухайгаа пиар хийж эхэллээ. Өнгөрсөн он жилүүдэд хүнд цаг үедээ гаднынхнаас авсан зээл бүхэн өнөөдөр бидний өмнөөр болон хуримтлагдсан. Үүнийг бид харж байна. Тиймээс “Инээсэн бүхэн нөхөр биш” гэгчээр “Тусламж бүхэн сайныг санаж, зөвлөмж бүхэн зөвийг хэлдэггүй” гэдгийг зээл гэхээр инээд алдан алгаа тосдог эрхэм улстөрчдөд сануулахад илүүдэхгүй биз ээ.
Тоймч
У.Оргилмаа