Хасек 45 насандаа Чехийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Хасек 45 насандаа Чехийн аварга боллоо

Доминик Хасек өдгөө 45 настай ч гэсэн хоккейн мөсөн талбайн шилдгүүдийн эгнээнд багтсаар байна. Хойд америкийн Үндэсний хоккейн лигт 16 жилийг өнгөрүүлсэн Хасек өдгөө төрөлх нутгийнхаа “Пардубице” клубт тоглож байгаа ба өнгөрсөн шөнийн тоглолтод тэд “Витковице”-г нэмэлт цагт 3:2-оор буулган авснаар финалын цувралын харьцаа 4:0 болж, Чехийн экстра лигийн аваргын цом хүртжээ. Хасек тоглолтын дараа “Үнэхээр ер бусын хэрэг болж байна. Гайхалтай. Би маш их баяртай байна” гэжээ. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд түүний багийн хамтрагчид нь “Хасан, Хасан” хэмээн орилолдож, хөгжөөн дэмжигчид ч түүнийг баяртайгаар хүлээн авсан байна.
Хасек хэсэг хугацаанд их спортоо орхисон байсан боловч өнгөрсөн жилээс эхлэн өөрийн өсч торниж, их спортын гараагаа эхлүүлсэн хотынхоо багт харьяалагдан Чехийн лигт тоглох болсон юм. NHL-д “доминатор” нэрээрээ алдаршсан Хасек 2008 онд “Детройт Ред Уингс”-ийн хамт Стэнлийн цом хүртсэний дараа зодог тайлсан билээ. Тэрбээр NHL-ийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа шалгарч, зургаан удаа шилдэг мэргэн буучаар тодорч байсан юм. Хасек мөн өмнө нь 2002 онд их спортоо орхих шийдвэр гаргасан боловч 2003/04 оны улиралд дахин гэрээгээ шинэчилж, Хойд америкийн Үндэсний хоккейн лигт эргэн иржээ. Тэрбээр мөн Чехийн шигшээ багийн хамт 1998 оны Наганогийн өвлийн олимпиос аваргын алтан медаль хүртэж байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж