Эдийн засаг нь унаж байхад АНУ-ын санхүүгийн зохицуулагчид порно үзэж байв

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Эдийн засаг нь унаж байхад АНУ-ын санхүүгийн зохицуулагчид порно үзэж байв

АНУ-ын санхүүгийн зохицуулах байгууллага болох Хувьцаа, биржийн
комиссийн /Securities and Exchange Commission/ өндөр цалин авдаг өндөр
албан тушаалтнууд санхүүгийн системийг асуудлаас сэргийлэх санхүүгийн
цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёстой. Харин эдийн засаг нь хямралд орж байхад тэд Засгийн газраас тавьж өгсөн компьютерээрээ порно вэб сайтуудаар зугаалж байсан нь илрээд байгаа талаар “Associated Press” агентлаг Вашингтон хотоос мэдээллээ. Хувьцаа биржийн комиссын ерөнхий инспектор өнгөрсөн таван жилийн дотор 33 удаа ажилтнууддаа шалгалт хийсэн. 33 шалгалтын 31-ийг сүүлийн хоёр жил хагаст хийжээ. Ажилтнууд нь засгийн газрын түшмэл хүний ёс зүйд нийцэхээргүй олон зөрчил гаргасан талаар тайланд дурдсан байна. Уг тайланг Iowa мужаас сонгогдсон Сенатор Charles Grassley-ын хүсэлтээр Хувьцаа, хөрөнгийн комиссын /ХХК/ Ерөнхий инспектор David Kotz бичсэн. Пүрэв гаригт АНУ-ын иргэдэд танилцуулсан уг тайланд дараах ноцтой зөрчлүүдийг дурдсан байв. ХХК-ийн Вашингтон дахь төв байранд байрлаж ажилладаг ахлах хуульч өдөрт найман цаг хүртэл хугацаагаар порно кино хайж, татаж авдаг. Хард диск нь дүүрсний дараа тэр файлуудаа CD, DVD-нд бичиж ажил дээрээ хайрцганд хийж хадгалдаг байсан. Уг тайлан гарсны дараа тэрээр ажлаас халагдах өргөдөл өгөхийг зөвшөөрсөн. Нэгэн нягтлан “Секс”, “Порнограф” гэж ангилагдсан вэб хуудсуудруу зорчих гэж оролдон сарын дотор 16,000 мянган удаа блоклуулж байсан. Гэсэн хэдий ч тэрээр “Google Image” ашиглан хард дискэндээ янз бүрийн “маш тодорхой дүрслэлтэй”  граффик файлууд татаж авсан байна. Тэр нягтлан өөрийгөө хамгаалж, үйлдлээ тайлбарлахаас татгалзсан бөгөөд 14 хоног ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Ийм зөрчил гаргасан 17 ажилтны 14 нь дээгүүр албан тушаалтнууд байгаа бөгөөд жилд 222,418 ам.доллар хүртэл цалин авдаг. 2007 онд ийм тохиолдол хоёр бүртгэгдэж байсан бол 2008 онд 16 болж нэмэгдсэн. Харин энэ зуур дэлхийн эдийн засгийн хямралын урьдчилсан шинж тэмдэг 2007 оноос мэдрэгдэж эхэлсэн бол 2008 онд бүрэн хэмжээний хямрал нүүрэлсэн юм.

Ажлаа хийхийн оронд татвар төлөгчдийн мөнгөөр порно үзээд сууж байсан асуудлаар, тус байгууллагын хийж байгаа ажил, үр дүнгийн талаар олон хүн шүүмжлэл хэлж байна. Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгө оруулалтын хамгийн том банк “Goldman Sachs”-ыг сонирхлын зөрчилтэй бондын наймаа хийсэн гэж буруутган шүүхэд өгсөн. Тус байгууллагыг улс төрийн нөлөөлөлтэй ажиллаж байна. Яагаад өдийд “Goldman Sachs”-ын асуудлыг сөхөж байгаа юм бэ гэж АНУ-ын Бүгд найрамдах намынхан тус байгууллагад сэжиглэнгүйгээр хандаж байна. ХХК-ын комиссоос Goldman Sachs компанийг шүүхэд өгөх талаар санал хураахад санал 3-2 гэсэн байдлаар хуваагдаж байсан бөгөөд шүүхэд өгөхийн эсрэг саналтай байсан хоёр хүн нь АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүд байсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж