Би хоолойгоо 100 сая төгрөгөөр даатгуулж байсан

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Би хоолойгоо 100 сая төгрөгөөр даатгуулж байсан

Уртын дуу хэмээх энэ яруу сайхан урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулж яваа  Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзултай ярилцлаа.

-Таныг тэмдэглэл сайн хөтөлдөг гэж сонссон юм байна?
-Ер нь хүн бүхэнд жаргал зовлон баяр гуниг тохиолддог. Ийм үедээ л хүн өөрийгөө ямар нэгэн зүйлээр тайтгаруулдаг шүү дээ. Би өөрт тохиолдсон бүхнээ хүн  болгонд тоочдог нээлттэй хүн биш л дээ. Хамгийн түрүүнд цаас үзэг нийлүүлээд суучихдаг. Тэгээд өөрийнхөө сэтгэлд бодогдож байгаа сайн муу, сайхан муухай бүхнээ үг гээлгүй тоочин бичдэг зуршилтай юм. Хүүхэд байхын л ийм байсан даа. Тийм болоод ч тэр үү сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа.
-Таныг сэтгүүлч болно гээд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курст сурч байсан санагдана?
-Намайг сэтгүүлч болох хүсэлтэйг минь мэдээд одоогоос хэдэн жилийн өмнө надад Хэвлэлийн хүрээлэнгээс  урилга  өгсөн юм. Тэр үед сурах сонирхол их байсан ч гадаадад явах тоглолт маш их байсан учраас сургуулиа төгсч чадаагүй. Миний мөрөөдлийг биелүүлэх гэсэн тус хүрээлэнгийн хамт олондоо  одоо ч  гэсэн сэтгүүлч болчихсон юм шиг л  баярлаж явдаг шүү.
-Уртын дуучин хүний хамгийн гол онцлог юу вэ. Зууны манлай уртын дууч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад,  Ардын жүжигчин Ч.Шархүүхэн нар гэхэд л өөрийн гэсэн давтагдашгүй авьяас, дуулах гайхамшигтай арга барилтай байлаа шүү дээ?
-Бидний алтан үе болох энэ аугаа уртын дуучдын ярьж байсныг сонсож байсандаа баярлаж явдаг. “Жинхэнэ уртын дуучин хүн бол тэнгэр заяат уртын дууг дуулахын тулд тусгай төрдөг, ховор хувь тавилантай хүмүүс байдаг юм” гэж ярьж байсан нь надад нэгийг бодогдуулсан юм. Үнэхээр ч үе үеийн уртын дуучдыг ажиглаж байхад хувь хүн болон дуулах ур дүй, арга барил талаас нь харахад өөр өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодол, давтагдашгүй далдын ямар нэгэн увидас илэрдэг. Энэ нь тухайн хүмүүсийн амьдрал болон уран бүтээлд нь шингэсэн байдаг болов уу гэж боддог. Тухайлбал, Зууны манлай уртын дууч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад багш бол өөрийн болоод өрөөлийн хүүхдүүдийг сургаж заахын зэрэгцээ амьдралд хөлөө олоход нь асар их санаа тавьдаг хүн байсан. Ийм болохоор багшийн минь дуулсан дуу бүхэнд нь тэр хүний хүч хөдөлмөр, агуу сайхан сэтгэлийнх нь чанар шингэж эгшиглэдэг байсан болов уу. Харин Ардын жүжигчин Ч.Шархүүхэн багш маань  хувь хүн талаасаа шударга гүдэсхэн, зоримог зантай. Хүнд их тусч мөн л эгэл сайхан ижий, энгийн нэгэн монгол эмэгтэй. Тийм ч учраас  түүний эрдүүхэн хоолойгоор дуулсан томоохон дуунууд  нь  хоолойны цар  хүрээгээрээ бусдаас ялгарч байдаг.
-Харин таны хувьд?
-Надад бахархдаг нэгэн зүйл байдаг. Энэ нь Н.Норовбанзад багшийгаа амьд сэрүүн цагт нь уулзаж учирч, богино хугацаанд ч гэсэн зөв буруугаа цэгнүүлж, зэмлүүлж, магтуулж явсан минь ховор завшаан байсан. Харин Ч.Шархүүхэн багштайгаа  одоо ч холбоотой байж дуулах арга барилаас нь суралцаж явна. Мөн энэ хоёр агуу хүний  шавь нар нь бас миний багш шүү дээ. Уртын дууны минь анхны багш Ч.Шархүүхэн багшийн минь шавь Улсын гавьяат жүжигчин С.Нансалмаа, мэргэжлийн уртын дуучин болгосон багш минь Н.Норовбанзад багшийн шавь Соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэр багш минь билээ. Тэгэхээр үе үеийн алдартнуудтай багш шавийн хүйн холбоотой болсноороо холбогдсноороо би үеийн үед бахархаж явах болно.
-Ч.Дорждагва гуайгаас өөр чадалтай уртын эрэгтэй дуучин төрж гарахгүй байх шиг санагддаг.  Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Миний хувьд нэрлээд байвал олон сайхан уртын дуучид байгаа. Тухайлбал, С.Цоодол, Ж.Лхамжав, Д.Баттөмөр  Л.Базарбат болон миний багш Ц.Дэлгэр гээд нэрлээд байвал олон бий. Залуу үеэс гэвэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Батмэнд, н.Баяр-Эрдэнэ, СУИС-ийн уртын дууны багш Б.Батболд гэх мэтчилэн нэрлээд байвал нэлээд бий шүү дээ.
-Уртын дууны үг тэр чигээрээ гүн ухаан байх шиг санагддаг?
-Үүнтэй чинь харин санал нийлж байна шүү. Уртын дуу өөрөө Монгол түмний маань бардам бахархаж цээжээ дэлдэх эрх чөлөө юм. Тусгаар тогтнолоо эгшиг дуугаараа ингэтэл батлан эгшиглүүлж байгаа улс өөр хаана ч байхгүй болов уу. Энэ бол үнэхээр хосгүй нандин өв юм.
-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадвал буян дагадаг гэдэг. Та ч үнэхээр энэ буяны үрийг хүртсэн хүний нэг ?
-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж сайхан үг байдаг даа. Надад жаахан авьяас байсан байх. Харин энэ авьяасаа хөгжүүлэхийн тулд нэлээд чармайлт гаргасан.  Намайг дуучин болгох гэж олон ч хүний  хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн.  Тийм ээ би зорьсондоо хүрч, тэр дундаа эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явах нь чухал гэж ойлгодог. Энэ бүхний эцсийн үр дүн нь өнөөх яриад байгаа буян заяа маань юм шүү дээ.
-Хэдэн жилийн өмнө таныг хоолойгоо даатгуулсан гэж сонсч байсан юм байна?
-Одоогоос гурван жилийн өмнө Монгол бөхийн өргөөнд “Их талын шуранхай” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Миний энэ тоглолтыг “Алтай халиун” групп зохион байгуулж хийж байлаа.  Уг тоглолтон дээр маань МИГ даатгалын хамт олноос ивээн тэтгэлэг үзүүлж хамтарч ажилласан. Түүнчлэн миний хоолойг  100 сая төгрөгөөр даатгах саналыг тавьж анх удаагаа хоолойгоо даатгуулж байсан нь үнэн.  Одоо ч тус даатгалын хамт олонтой хамтарч ажилласаар байгаа. Ер нь миний уран бүтээлийг дэмжиж хамтарч ажилладаг олон сайхан байгууллага бий. Тухайлбал, “Жи мобайл”, “Магнай трейд“, “Алтай халиун”, “Мон полимент”, “Хутагт групп”, “Спирт бал бурам” зэрэг байгууллагуудын хамт олонд талархаж явдгаа илэрхийлье.
-Морин хуур, монгол дээл хувцасыг маань Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ Хятадтай хамт бүртгэчихлээ. Одоо хөөмий, уртын дуу хоёр маань яадаг бол сэтгэл эмзэглэх юм?
-Яг ийм цаг үед хөөмий уртын дуугаараа зогсч чадвал их юм даа гэж залбирч сууна даа. Ер нь улс үндэстнийг хөнөөх нь өв соёл, үүх түүх, тухайн үндэстний хамгийн эмзэг болоод нарийн нандин бүхэн рүү нь өлөн шунал гүн шургачина гэдэг хамгийн том чимээгүй дайн юм шүү дээ. Энэ уртын дуу, хөөмий, бидний өвөг дээдсээс үлдээсэн эгшигт түүх гэдгийг ойлгож л баймаарсан. Гэтэл бид өнөөдөр эдгээр нандин өвөө хятадтай хуваалцаж байгаа нэрээр алдаад зогсохгүй эвгүйтвэл эх оронгүй болчихвийдээ гэх айдас төрөөд байх боллоо.
Өнөө цагт төр нь ард түмнээ эс сонссон, ард түмэн нь төрөө үл дээдэлсэн байдал нь илт мэдэгдэх болжээ. Зарим эмс охид минь цусаа бузарлаж, эрчүүд минь хийморь нь доройтоод  ерөнхийдөө бид чинь Хятадад чимээгүйхэн л уусаад байна уу даа.
-Таны энэ үг аргагүй нэгийг бодогдуулсан ухаалаг үг байна?
-Хүн ер нь магтаалд дуртай шүү дээ. Таны энэ үгийг сонсоход таатай л санагдаж байна. Гэхдээ ухаантай дүр эсгэж, ухаалаг ярьж чаддаг хэрнээ жинхэнэ ухааны шалгуур дээрээ уначих юм бол өөрөө өөрийгөө л доромжилсон хэрэг болно шүү дээ. Тиймээс хүн өөрийнхөөрөө л сэтгэж, өөрийгөө эхэлж хүндлэх нь бусдыг хүндлэж, тэдний хүндлэлийг хүлээхийн эхлэл гэж би ойлгодог.
-Ингэхэд та хэзээ дараа­гийнхаа бие даасан тоглолт хийх вэ?
-Тун удахгүй ээ. Ирэх сарын 26-д Дуурь бүжгийн эрдмийн театрт уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийнэ. Ерөнхийдөө ард түмнийхээ сонсох дуртай, нийтлэг дуулж чаддаг бэсрэг уртын дуунуудаас гадна ардын богино болон харилцаа дуунуудыг түлхүү дуулах бодолтой байгаа. ДБЭТ нь мэргэжлийн акустиктай орчин үеийн хэллэгээр бол амьд тоглолтонд хамгийн зохицсон Монголдоо тэргүүн тайз шүү дээ.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж