
Хятадын баячуудын жагсаалтыг саяхан тэргүүлсэн Huang Guangyu-г авлига өгсөн, дотоод мэдээлэл ашиглаж наймаа хийсэн гэж буруутгаж байгаа бөгөөд түүнийг нэгдүгээр сараас хойш баривчилж хориод байгаа юм. Тэрээр Хятадын хоёрдахь том электрон барааны дэлгүүрийг эзэмшдэг. Дунд сургуулиа хаяж бараг юу ч үгүйгээс эхэлсэн тэрээр 30 жилийн дотор олон тэрбум ам.долларын хөрөнгө бий болгосон. Тэрээр одоо Хятадад 1,300 гаруй салбар дэлгүүр бүхий сүлжээтэй. 2008 оноос тэрээр Хятадын баячуудын гэсэн жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Түүнийг “Sanlian Commercial Co”, “Beijing Centergate Technologies Co” компаниудын хувьцааг дотоо мэдээ ашиглаж арилжаалсан гэж Хятадын “Синхуа” агентлаг мэдээлж байна. Түүнтэй холбоотой энэ хэрэгт Хятадын засгийн газрын албаны түшмэдүүд болон цагдаагийн ажилтнууд мөн давхар шалгагдаж байгаа. Түүний хэрэг хэрхэн шийдэгдэхийг Хятадын бизнесийн салбарынхан анхааралтай ажиглаж байна. Сүүлийн үеийн санал асуулгуудаас үзвэл Хятадын эдийн засгийн шинэчлэлийн үеэр их хэмжээний ашиг олсон бизнесмэнүүдийг Хятадууд авлигтай холбоотой гэж үздэг бололтой.
Т.Санаа