
Дэлхийн эдийн засаг хямралаас тооцоолж байснаас хурдан гарч байна. Энэ жил дэлхийн эдийн засаг 4.2 хувиар өснө гэж Олон улсын валютын сан тооцоолж байна. Гэсэн хэдий ч хөгжингүй олон эдийн засаг “бүлээн” хэвээрээ байгаа бөгөөд засгийн газруудын өр өндөр байгааг зохицуулах шаардлагатай байна. Тийм учраас засгийн газрууд энэ жил ч гэсэн эдийн засгаа өдөөх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх ёстой гэж зөвлөсөн. Олон улсын валютын сан Их Британий эдийн засгийг “боломжийн өсөлттэй” байгаа бөгөөд паундын ханш сул байгаа нь экспортонд нь сайнаар нөлөөлж байна гэж үзэж байгаа юм. Валютын ханш унасан нь дотоодод эрэлт нэмэгдүүлэх тул банкууд зээлийн сангийн хомсдолд орж болзошгүй гэж анхааруулсан. Мөн эдийн засгуудаа дэмжих засгийн газруудын арга хэмжээний сонголт цөөхөн болж байгааг сануулсан. Засгийн газрууд эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс бодлогын хүүнүүдээ хэдийн бууруулчихаад байгаа юм.
“Хөгжингүй эдийн засгууд бодлогын хувьд авч болох арга хэмжээнүүдээ хэдийн шавхсан буюу одоо маш бага боломж байгаа. Засгийн газруудын хийж чадах, чадахгүй зүйл гэж бас байгаа. Тиймээс дунд хугацааны санхүүжилтийн арга хэмжээний зохицуулалтын механизм үүсгэх хэрэгтэй. Засгийн газрын өр-дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцааны зохистой харьцааг тогтоох хэрэгтэй” гэж Олон улсын валютын сан тайландаа дурдсан байна. Олон улсын валютын сан банкны секторын зохицуулалтын талаар засгийн газрууд тохиролцоонд хүрч, банкнуудад татвар ноогдуулах асуудлыг шийдэх ёстой гэж Лхагва гаригт мэдэгдсэн.
Т.Санаа