“Ferrari” багийн удирдлага мотоспортын элит ангилал болох MotGP-гийн дэлхийн долоон удаагийн аварга Валентино Россиг “Формула-1”-д уруу татаж, багтаа элсүүлэх сонирхолтой байгаа гэнэ. Тус багийн ерөнхийлөгч Лука Монтеземоло багаасаа гурав дахь машиныг уралдааны замд гаргах хүсэлтэй байгаа ба харин жолооч нь Росси байгаасай гэж хүсч байгаа аж. Харин өдгөө 31 настай итали тамирчин Росси хоёр дугуйтаа дөрөв болгохыг хүсэх болов уу. Энэ талаар ноён Монтеземоло “Росси энэ жилийн MotoGP-д түрүүлвэл Ferrari-гийн хамтаар Формула нэгийн түрүү авахыг хүсэх нь мэдээж” хэмээн ярьжээ.
“Формула-1”-т одоо мөрдөгдөж буй дүрмийн дагуу нэг багаас дээд тал нь хоёр л төмөр хөлгийг дэлхийн аваргад сойх ёстой бөгөөд хэрэв “Ferrari” багийн энэ санаачлага амжилттай болж, гурав дахь машиныг уралдааны замд гаргахыг зөвшөөрвөл Россигийн хувьд “Формула-1” рүү шилжихэд үгүй гэх асуудалгүй юм.
Росси өнгөрсөн хугацаанд есөн удаа дэлхийн аваргын цом хүртэхдээ 1997 онд 125сс, улмаар 1999 онд 250сс ангилалд түрүүлсэн бөгөөд түүнээс хойш элит ангилал болох MotoGP-д хурд сорьж, дэлхийн аваргад долоон удаа торгон жолоо өргөжээ. Харин “Ferrari” багийн тухайд 16 удаа зохион бүтээгчийн цом хүртэж байсан “Формула-1”-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан баг юм.
С.Цэлмэг