Ардчилсан намын удирдагууд Булганд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын удирдагууд Булганд ажиллаж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн
бичгийн дарга Д.Эрдэнэбат, Улстөрийн бодлого  хариуцсан нарийн бичгийн
дарга Ц.Жадамба, Орон нутаг хариуцсан намын нарийн бичгийн дарга
П.Гантулга нар хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүний хамт Булган аймагт
ажиллаж байна. Тэд Булганчуудын ажил амьдралтай танилцахаас гадна, төр
засгаас хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг малчдад хүргэх улмаар
Ардчилсан намаас дэвшүүлж буй “Мал, мах, сүү, ноос” хөтөлбөрийн
хэрэгжилтийн талаар иргэдээс санал бодлыг нь сонсож явна. Түүнчлэн
хүүхдийн мөнгийг эргүүлэн олгох талаар намаас баримталж буй бодлого
чиглэлийг тайлбарлах, малчдын санал бодлыг төр засгийн бодлогод хүргэх
зорилготой байгаа аж.  
Тэд өчигдөр орой Булган аймгийн төв дээр иргэдтэй уулзалт хийжээ. Энэ
үеэр иргэдийн олонхи нь хүүхдийн мөнгийг сэргээх бодлогыг дэмжиж
байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Засгийн газраас “Хүний хөгжлийн
сан”-гаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн 1.5 саяыг төгрөгийг хэрхэн
өгөх талаар сонирхож, түүнчлэн үүнийг даган үнийн хөөргөдөл үүсгэж бүр
нэрмээс болохгүй байгаа гэсэн сануулгыг ч өгчээ. Малчдын хувьд сүүлийн
жилүүдэд малын тоо толгой өссөн ч малаа маллаж хүчрэхгүйгээс бэлчээрийн
даац алдагдаж малаа их хэмжээгээр зудад алдаж байна. Төр засгаас болон
Улаанбаатарчуудаас өдий төдий тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч тэр нь
зохих эзэддээ хүрэхгүй байна. Мөн мал ихээр хорогдсоноос бэлчээр малын
сэг зэмээр дүүрч байна. Энэ нь наанадаж халдварт өвчин тархалтыг
нэмэгдүүлж тэрнээсээ илүү хор хохирол авчрах уршиг бий. Засгийн газраас
сэг зэмийг устгахад зориулан таван тэрбум төгрөг зарцуулсан ч хийж
хэрэгжүүлж байгаа ажил бага байгааг малчид Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Эрдэнэбатад уламжилжээ.
Хөдөөд орлого багатай иргэдийн хүүхдийн мөнгийг сэргээн өгөхөөр яригдаж
байгаа асуудал өнөөдөр нүдээ олсон асуудал гэдгийг Булганчууд онцолж
харин хоёр намын амлалтын мөнгийг нэг удаад олгох биш хувьцаа хэлбэрээр
олгодог бол үнийн хөөргөдөл үүсэхгүй байх боломжтой хэмээн намын
удирдлагуудтай санал нэгдэж байлаа. Хурлын дараа Ардчилсан намын 
зүгээс хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулан хотынхонд ч тэр болгон
хүрээд байдаггүй Хүүхэлдэйн театрын “Улаан малгайт” жүжгийг уран
бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ ирж үзүүлсэн нь томоохон бэлэг болжээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж