Ерөнхийлөгч Facebook-ээ шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Facebook-ээ шинэчилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцарийн Холбооны Улсад хийж буй айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна. 10 орчим томоохон сонин, телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авах хүсэлтээ ирүүлээд байна.

Ааргау кантоны төдийгүй холбооны улсын өдөр тутмын томоохон хэвлэлийн нэг болох       “Aargauer Zeitung” сонинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар бичихдээ

 “Хэдийгээр монголчууд манай улсын шууд ардчиллын тогтолцоог судалж байгаа ч тэд өөрсдөө  судлагдаж болохуйц анхаарал татсан ардчилсан өөрчлөлтийг 20 жилийн өмнө хийж чадсан билээ. Монгол бол бүс нутагтаа  ардчиллын үлгэр жишээ юм” хэмээн бичжээ.

Айлчлалын эхний өдөр буюу  нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ШХУ-ын Ааргау кантоны Засгийн газрын Ерөнхийлөгч Петер Бэйлэр нар сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч  “…Монголд өрнөсөн ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэнд, өнөөдрийг хүртэл хөгжлийн болон хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байдагт манай ард түмэн Швейцарийн Засгийн газар, ард түмэнд талархаж  байдаг .

Хэдийгээр монголын ардчилал 20 настай ч, ардчилсан үйл явц өөрөө “ яг л хүүхэд шиг” байнгын анхаарал халамж шаардаж байдаг юм. Өнгөрсөн хугацаанд бидний хийж чадаагүй, хийхийг эрмэлзэж ирсэн  зүйлийг энэ улсад олон жилийн өмнөөс амжилттай хэрэгжүүлж чаджээ.  Шийдвэр гаргах бүх шатанд иргэдийн оролцоог хангах энэ хэлбэрийг нэвтрүүлэхийг бид бүх шатандаа чармайж байна…” гэлээ.

Ааргау кантоны Засгийн газрын Ерөнхийлөгч Петер Бэйлер  “Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж, бидэнтэй ардчиллын туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд бид баяртай байна. Бидний өнөөдөр ярилцсан асуудлууд, харилцан солилцсон туршлага хоёр талдаа  үр дүнтэй,  хэрэгтэй байж, үр дүнгий нь богино хугацаанд мэдрэх болно гэдэгт би итгэлтэй байна. Түүнээс гадна бидэнд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт мөн хамтран ажиллах сонирхол бий. Ааргау кантонд холбооны улсдаа төдийгүй дэлхийд алдартай компанууд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал бүх төрлийн банкны болон хэрэглэгчийн картууд, мэдээллийн карт үйлдвэрлэлтээрээ дэлхийд алдартай TRUB компани Монгол Улсын иргэн бүрийг цахим үнэмлэхтэй болгох төсөлд оролцохоор шийдвэрлээд байна” гэв.

Ааргау бол 1803 онд байгуулагдсан, ШХУ-ны гуравдахь том кантон бөгөөд 604 мянган хүн амтай муж юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн, нийт ажлын байрны 35 орчим хувь нь аж үйлдвэрийн салбарт оногддог. Холбооны улсынхаа  гадаад худалдаа, экспортын 55 хувийг уг кантон хийдэг. Цэвэр усны хамгийн том нөөцтэй, улсын эрчим хүчний гуравны нэгийг үйлдвэлэдэг, цөмийн эрчим хүчний гурван том станцтай, боловсрол судалгааны салбар эрчимтэй хөгжсөн  уг кантон нь өрсөлдөх чадвар өндөртэй, хөгжлөөрөө тэргүүлэгч бүс нутаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж