Б.Амархүүг Украин руу нэвтрүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Б.Амархүүг Украин руу нэвтрүүлсэнгүй

Оросын хөгжмийн “ТОПХИТ” интернэт портал төрсөн өдрийн ойгоо жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр Москвагийн нэгэн клубт тэмдэглэдэг уламжлалаа өөрчлөн Украйны нийслэл Киевт тэмдэглэхээр болжээ. Энэ үдэшлэгт оролцохоор Оросын фм, радио, телевизийн сувгийн топ менежерүүд, хөгжмийн редактор, Москвагийн болон бусад хамтлаг дуучин Украйныг зорьжээ. Эдний дотор “Прьемер-министр” хамтлагийнхан найз нартаа ая дууны мэндчилгээ дэвшүүлэхээр Киевийг зорьсон ч онгоцны буудал дээр тэдэнд санаанд оромгүй зүйл тохиолджээ. Хамтлагийхан шалган нэвтрүүлэх, гаалийн шалгалтыг өнгөрөөд онгоцонд орох гэтэл тэдний нэг гишүүн Монгол улсын иргэн Борхүүгийн Амархүүг онгоцны хаалган дээрээс буцаах нь тэр. Түүнийг Украйны виз аваагүй байна гэжээ. Уг нь Монгол, Украйны иргэд харилцан визгүй зорчдог гэдгийг гаалийхан мэддэггүй нь хачирхалтай. Яаж ч тайлбарлаад, бүр Украйнаас хүнээр утасдуулаад ч ойлгуулж чадалгүй Амархүү нөхдөө үдээд гэртээ буцахаас аргагүй болж. Амархүүг хариад амарч байтал шөнө дунд хамтлагийнх нь гоцлол дуучин Василий Киреевтйн есөн сартай жирэмсэн эхнэр гэнэт утасдаж “Амурчик /найзууд нь түүнийг ингэж дууддаг гэнэ/ ус гарчихлаа, одоо яах вэ” гэх нь тэр. Мэдээж үүнээс илүү тайлбар хэрэггүй байсан болохоор тэрбээр яаран бүсгүйд туслахаар гарч найзындаа очин эхнэрийг нь нь төрөх эмнэлэгт хүргэж амжсан байна. Энэ хувь тавилан байсан юм болов уу, хэрвээ Амархүү Украин руу саадгүй нэвтэрсэн бол найзынх гэргийд хэн ч тусалж чадахгүй байсан болов уу гэж хамтлагийнхан нь ярьж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж