”Чонон сүлд”-ийн гэсгээл

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

”Чонон сүлд”-ийн гэсгээл

Хятадын зохиолч Зян Ру­нийн “Чонон сүлд” хэмээх зо­хиол өнгөрсөн жилд номын дэл­­гүүрүүдийн хамгийн олон уншигчтай номоор нэрлэгдэж байна. Хэвлэгдсэн даруйдаа мөн л Хятадын зах зээлд бор­луулалтаараа тэргүүлж байсан энэ номыг монголчууд сонирхон унших нь зүй. Харин яагаад “Чонон сүлд” олны анхаарлыг татаж байна вэ? Бараг л номны эхний хуудсыг нээхдээ л хятадууд яагаад монголчуудын тухай бичих болов, юу гээд л “өмхий санаа”-гаа цухалзуулсан байх бол гэсэн өөнтөгч бодол номыг дуусан дуустал дагалдсаар байсан гэдгээ нуугаад ч яах вэ? Харин саяхан Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан энэ номны талаар бичсэн өгүүлэлдээ Хятад үндэсний үзэл шингэсэн ном хэвлэхийг хөхиүлэн дэмжиж Төрийн төв хэвлэл нь “Чонон сүлд“-ийг зөвхөн 2004-2006 онд 900 мянган ширхэг хэвлүүлсэн гэж дурдсан байна лээ. Тэрбээр номын нэрнээс эхлүүлээд “Wolf totem” зохиогчийн санаа агуулга, үүх түүх харьцуулалт зэрэг чамбай өгүүллэг бичсэн байна лээ.

Ядахдаа циркт ч амьдаар нь чоно харж үзээгүй, дээр дурд­санчлан нүүдлийн ахуйгаас холын хол өсч хүмүүжсэн мөхөс уншигч миний хувьд малчдын амьдрал хийгээд байгаль орчин, чонын талаар огт мэдэхгүй байсан зүйлээ энэ номноос уншлаа гэдгээ нуухгүй өчих нь зүйтэй болов уу. Басхүү яг үүнтэй төстэй өгүүлэмжтэй “Их нүүдэл” гэх мэт ном байдаг ч чонын удамт, дэлхийн талыг эзэгнэгч монголчуудын түүхэн улбаа, ёс уламжлал, нууцлаг бүхэн олон мянган уншигчийн анхаарлыг татах бас нэг сэжим нь болсон болов уу гэсэн бардамнал оволзоно. Магад олон орны уншигчдын сонирхлыг их Монголын үр садын түүх байлдан дагуулна биз ээ.

Харин уг номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Д.Болд­баатар энэ номоор дамжуулан монголчуудын талаар бүр цаашил­бал хятадын талаар мэдрэх бо­ломж­той гэсэн утгатай зүйл хэлж байсан санагдана. Өвөрмонголын хээр талд малчдын амьдрал яагаад ингэж олны сонирхлыг татсаныг нэг талаар гайхмаар ч нөгөө талаар яалт ч үгүй анхаарал татах нь зүй мэт хоёрдмол бодол төрүүлмээр.
Гэвч яг номыг бариад суугаад эхлэхээр үнэхээр сонирхолтой, паар­тай байранд өссөн суурьшмал монголчуудын үр ач нарын нэг нь үе үе номоо түр хамхиад өөрсдийнх нь сайн мэдэхгүй нүүдлийн амьдрал хийгээд, харь хүний өгүүлэх монголчуудын зан заншил, сүсэглэлийн талаар ойлгохыг хи­чээн түр бодлогоширмоор л болж байна лээ. Магадгүй 70 жил социализмын замаар бэдэрч, 20 жил дөрвөн уулын дундах татах хүчинд өөрийн эрхгүй нухлагдан суугаа зарим монголчуудын хувьд нүүдэлчдийн ахуй амьдрал хол санагдахаар болчихсон ч юм шиг. Мал ахуйгаа хамгаалах малч хүмүүн хийгээд чонын тэмцэл дуусашгүй мэт боловч чоно үгүй бол үнэг, хярс тэргүүтэн үржин, бэлчээр ахуй сүйдэх, зуд турхан, чонын аюул үгүй бол мал сүрэг олшрон бэлчээрээ ахуйг сүйдлэх гэх мэтийн хэтий ахуйгаасаа холдсон ч гэсэн хэн бүхний мэдэх тогтолцоог энэ номд эвлэгхэнээр өгүүлнэ.

Номын үйл явдал тэргүүтэн 30 жилийн тэртээх Өвөрмонголын Олонбулагийн талын малчин айлаас эхэлнэ. Хятадын соёлын хувьс­галын үеэр 20 сая гаруй оюутан залуусыг хөдөө тосгоны хүнд хүчир ажилд туслалцуулахаар явуулсныг манай илгээлтийн эздийн хувь заяатай төстэй ч юм уу гэж үзээд илгээлтийн эзэн гэж оноон орчуулсан гэж ор­чуулагч тайлбарласан байсан. Илгээл­тийн эзэд гэж залуу Чэнь Жэн хөрөнгөтний замаар замнагч хар бүлгийн гишүүн, эсвэл харгис бурангуй эрдэмтний хүү гэж адлагдсан, түүнтэй хамт амьдардаг гурван залуугийн амьдрал ч мөн үүнтэй төстэй замналтай гэж үе үе цухас дурдсан байдаг. Гэхдээ бас Хятадын нэг гэр бүл-нэг хүүхэд гэсэн бодлогыг Өвөрмонголд ч хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэх мэтчилэн санаа цухалзана аа.

Эцэст эх газрын хятадууд Өвөр­монголын талд шавааралдан түрж ирж, аажим аажмаар нүүд­лийн мал аж ахуй, амьдрахуйн тэр хэвшилтэй хамт малчид, өвөрмонголчууд нь ч түрэгдэн шахагдаж байгаагаар үйл явдал өрнөнө.

Хятадын харьяаны Өвөрмон­голд өрнөж байгаа үйл явдал л юм хойно гадаад Монгол гэсэн тодотголт үйл явдлууд нэлээд гарна. Жишээлбэл, Олонбулагийн талд чоныг хомроглон устгах кампанит ажил өрнөхөд Билэг өвгөн,  Чэнь Жэн нар чонон сүрэг төрөлх эх нутаг гадаад Монгол руугаа дүрвээсэй гэж санаашран байдаг. Тэгэхүй доор хөөрхий гадаад Монголд нь чонын сүлд орших орон зай өнөөдөр байгаасан билүү гэж эмзэглэнэ. Чоно авлахыг л эрийн хийморь гэж тооцон алс хол суурин газраас жийп хөлөглөн, буу агсан ан хийх Монголын чинээлэг давхаргынхны нэг зугаа болоод байгаа гэдгийг л мэдэх хойно. Басхүү бэлчээрийн даацаа тэнцвэртэй байлгахын тулд таван хошуу малаа зүй зохисоор тэжээх холч ухаанаа сургадаг Билэг өвгөд өнөөдөр ар Монголд хэд байгаа бол гэсэн бодол зурсхийнэ. Бэлчээрийн дайсан гэдэг ямаа ноолуурын үнийн өсөлт, ямаанд хайртай манай парламентийн гишүү­дийн буянаар сүргийн зон­хилох болчихоод байгаа гээд дан­даа л бараан жишээ дагалдаад салдаггүй. Ядахдаа Хятадын нэг зохиолчийн зохиолоос санаа авч байгаа болов уу манай ар мон­голчууд гэж санаа зовинох.

Дээр цухас дурдсанаар үйл явдал, үзэл санааны хувьд ч 1980-аад онд Монголд орчуулагдаж байсан Оросын зохиолч Анатолий Буйловын “Их нүүдэл” романтай төстэй мэт. Буйлов өөрийнхөө ой тайгад хэдэн жил амьдарсан амьдралаасаа сэдэвлэн эл номыг бичсэн. Зохиолч Зян Рун ч 1967 онд Өвөрмонголын тал нутагт очиж 11 жил гаруй жил амьдарсан бодит амьдралаасаа сэдэвлэн зохиолоо бичсэнээ өгүүлсэн байдаг.

Хойд ааваасаа залхсан бас амьдрал үзэж, хүчээ сорих гэсэн жаалхүү өөрийнхөө хүсэлд Сиби­рийн цаатнууд дээр ирж, туслах малчнаар ажиллаж, хүн байгалийн шүтэлцээ, онгон байгалийн гай­хам­шиг тэргүүтнийг мэдрэн, жин­хэнэ малчны ёсоор хэдэн жил амьдардаг. Энэ номонд ч бас хятад залууг зааж сурган хатамжилдаг Билэг өвгөний адил Аханя хэмээх тод томруун дүртэй. Цаатан амьдралын өв заншил, байгаль ахуйгаа хүндлэн хайрлах, хамгаалах сэтгэлийг алхам бүр үлгэрлэн зааж сургадаг Аханя хорвоогийн мөнх бусыг үзүүлж, залуу цэрэгт татагдан мордоход түүний явах онгоцоор хурдан буу үүрэн анд шүлэнхэтсэн эрчүүд зөрөн бууж байгаагаар “Их нүүдэл” роман төгсдөг бол Билиг өвөөтэйгээ Олонбулагийн талын байгалйн гайхамшгийг харан баясч байсан хятад залуу 30 жилийн дараа шар элсэн түйрэн эргэлдэн байгаа Бээжинд зохиолоо тэрлэн байгаагаар өндөрлөдөг. 30 жилийн дараа түүнийг Өвөрмонголын талд очиход элсэн цөл, төмөр хашаагаар хэрсэн тал, мотоцикль унан давхисан малчин залуус угтдаг. Үнэхээр ч Өвөрмонголын хувьд бэлчээр гэдэг том асуудал болсон бөгөөд өнгөрсөн хавар тэндхийн малчин айлд зочлоход хэд хэдэн төмөр саадан хашааг туулах хэрэг гарч байж билээ. Монголд харин одоохондоо бэлчээрээ торон хашаагаар хашчихсан зүйл ч алга аа. Гэхдээ л бэлчээр өдрөөс өдөрт хумигдан, цөлжилт өдрөөс өдөрт урагшлан, хоног тутам шахамд нэг горхи, шанд ширгэж байгаа нь маргашгүй үнэн билээ.   

Энэ номыг уншаад бодлогош­рохын нэг учир бас энэ.
Зохиолын үзэл санаа ч байга­лийн шүтэлцээ оршил, хүн байга­лийн харилцаа, хү­мүүс хэр­хэн байгалиа сүйтгэн зэрэм­дэглэж байгааг өгүүлснээрээ адил. Тиймдээ ч “Чоно сүлд”-ийг Дэлхийн банк дэмжин мон­голч­­луулсан хэрэг болов уу? Үнэхээр ч энэ номыг уншихдаа бод­логошрохын хамгийн гол учир гэвэл хүн байгалийн харилцан шүтэлцээ, байгаль хамгааллын талаар эрхгүй шимшрэн бодохоос өөр аргагүйгээр өгүүлсэн байдаг. Тийм ч учраас монголчууд бид “Чонон сүлд”-ийн гэсгээлийг хэдийнэ хүртэхээр болоод хүртээд байгаа юм биш үү гэж асуумаар санагдах…

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж