
Испанийн иргэн Самаранч 1980-2001 оны хооронд Олон улсын олимпийн хороог тэргүүлж байсан бөгөөд албан тушаалаасаа буусны дараа тус байгууллагын хүндэт ерөнхийлөгч болсон юм. ОУОХ-ны ерөнхийлөгчийн албыг хамгийн удаан буюу 21 жилийн турш хашсан тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, олимпийннэр хүндийг сэргээж, санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдэж чаджээ. Түүний халамж залгааг ОУОХ-ны өнөө цагийн ерөнхийлөгч Жак Рогге хүлээн авсан юм.
ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг таалал төгссөний дараа Жак Рогге эмгэнэл илэрхийлж, “Олимпийн гэр бүлд тохиосон энэ уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй. Орчин цагийн олимпийн наадамд үнэтэй хувь нэмэр оруулсан, намайг зоригжуулж, итгэл хайрлаж байсан эрхэм хүн маань биднийг үүрд орхисонд хувийн зүгээс туйлын ихээр гашуудаж байна” гэжээ.
Ноён Самаранч ОУОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш өдийг хүртэлх хугацаанд Испанийн спортын зөвлөлд ажилласаар ирсэн юм. Сүүлийн үед түүний биеийн байдал сайнгүй байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн жил зүрхний өвчиндөө цогц эмчилгээ хийлгэжээ.
С.Цэлмэг