
“Бавари” өнгөрсөн долоо хоногт “Ганновер”-ийг 7:0-ээр бут ниргэхэд Роббен хет-трик хийсэн бөгөөд өнгөрсөн шөнийн тоглолтод 69 дэх минутад тоглолтын цорын ганц гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан байна. Тоглолт өндөрлөхөд өрсөлдөгч багууд хэн хэн нь талбайд 10-уулаа үлдсэн байлаа. Талбай дээрээ тоглосон германчууд арай илүү тоглолт гаргаж байсан боловч Фрэнк Рибери 37 дахь минутад Лисандро дээр алдаа гаргаснаар улаан картаар торгуулж, талбайг орхижээ. Дашрамд сонирхуулахад, Рибери төрөлх франц улсдаа сексийн асуудлаар дуулиан шуугианы эзэн болоод байгаа юм. Хагас шигшээ тоглолтыг итали шүүгч Роберт Росетти шүүж явуулсан бөгөөд Риберигийн алдаанд шууд улаан карт өгснөөр тэрбээр ирэх долоо хоногт Лион хотноо болох хариу тоглолтод оролцох боломжгүй болж байгаа юм. Тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш есөн минутын дараа “Лион” ч мөн нэг хүнээ алдсан. Жереми Тулалан ойрхон хугацаанд хоёр дахин алдаа гаргаж, хоёр удаа шар картны эзэн болсноор талбайг орхижээ.
Тоглолтын дараа “Баейрн Мюнхен” клубын ахлах дасгалжуулагч Луи ван Гаал “Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Бид 10-уулаа 11-ийн эсрэг илүү тоглож, Европын тавцанд хүчирхэг баг гэдгээ харуулж чадлаа гэж бодож байна. Рибери улаан картаар торгуулах үед 10-уулаа 1:0 хожно гэж огтхон ч бодоогүй. Харин 10-ын эсрэг 10 болсны дараа би гоол оруулах зорилгоор Марио Гомезыг талбайд гаргасан. Бидэнд гоолын олон боломж байсан ч нэг л гоол оруулсан. Гэхдээ энэ муу хэрэг биш шүү” гэсэн бол “Лион” клубын дасгалжуулагч Клод Пюэль “Бид тоглолтыг дажгүй эхлүүлсэн, гэхдээ бөмбөгөө маш амархан алдаж байлаа. Харин хоёрдугаар хагаст дэндүү сульдсан байсан. Риберигийн улаан картын дараа бидэнд давамгайлах боломж олдсон ч удалгүй бид ч бас 10-уулаа үлдсэн. 10-ын эсрэг 10 болсны дараа бидний хувьд байдал улам ч дордсон” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг