“БИ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИШ”

Биднийг ийнхүү ярилцаж зогстол “Би Монгол Улсын иргэн биш юм байна” хэмээн нэгэн эмэгтэй ихэд бухимдангуй гарч ирэв. Түүнтэй уулзаж юу болсныг тодрууллаа. Тэрбээр одоогийн амьдарч байгаа хаяганд шилжиж ирээд таван жил болж байгаа аж. Гэтэл “Хүний хөгжлийн сангийн” дэвтэр тараалтын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй байсан байна. Яагаад нэр нь байхгүй байгааг асуутал хорооны ажилтан “Бидний буруу биш. Дүүргийн Иргэний бүртгэлээс лавлагаа аваад ир” хэмээжээ. Тэрбээр “Сонгуулиа энэ хаяг дээрээ өгөөд болоод байсан байж одоо болохоор яахаараа миний нэрийг хасдаг юм бэ. Манайхны нэр байна. Харин миний нэр л алга. Ямартаа ч дүүрэг рүү явахаас. Тэнд очихоор мөнгө өгч лавлагаа авдаг гэсэн” хэмээн бухимдав. Бас нэг залуу лавлагаатай холбоотой жишээ дурдав. Хоёр хоногийн өмнө дэвтрээ авахаар ээж нь иржээ. Бас л өрхийн бүртгэлээс хасагдсан байжээ. Тэр үед лавлагааг хороон дээрээсээ 300 төгрөг төлж байж авсан байна. Тэрбээр “Лавлагааг 200 төгрөгөөр авч байгаа юм билээ. Энд хэн нэгэн бизнес хийж байгаа юм шиг байна” гэв.
ХОЁР НӨХӨР & НЭГ ЭХНЭР
Нэг хашаанд байдаг хоёр айлын ам бүлийг нэг өрх хэмээн бүртгэжээ. Гэхдээ нэгнийнх нь эхнэрийн нэрийг бас л гээсэн байв. Хоёр гэрийн эзэн, гурван хүүхэд, нэг эхнэр хэмээн бүртгүүлсэн иргэн буруу бүртгэсэн тухайг хорооны ажилтан хэлэхэд “Та нар л анхнаасаа ингэж бүртгүүлээ биз. Энэ хаяган дээр амьдардаг гэсэн лавлагаа хийлгэж ир” гэжээ. Тэрбээр лавлагаагаа бас л 200 төгрөгөөр авсан. “Хэдэн өдөр ажлаа алдаж байна” гэсээр нэгэн хүн намайг чиглэн ирсэн юм. Нэг өрхийн хоёр хүний нэгийг нь Баянзүрх, нөгөөг нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг хэмээн бүртгэсэн байна. Энэ бүхнийг өөрсдөөрөө даажигналаа хэмээн үзэж байгаагаа ч иргэд нуусангүй.
Энэ мэт 70 мянгын дэвтэр тараалтыг тойрсон асуудал олон байгаа аж. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Н.Ганцацралаас дэвтэр тараалтын талаар тодруулсан юм.
-Иргэдийн нэр оршин суугаа хаяган дээрээ байхгүй байна гэх гомдол их байна. Энэ юутай холбоотой вэ?
-Иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. Ийм асуудал үүссэн иргэдийн нэр хорооны бүртгэлд байгаа юу гэвэл байна. Хорооноос 70 мянгыг олгох талаар он гарснаас хойш хоёр ч удаа, бичиг баримтын тулгалт хийсэн. Хаяган дээрээ байгаа бүх өрхүүдээр орсон. Хорооны зүгээс мөнгө тараах ажил бэлэн болсон. Харин дэвтэр бичилт эхлэхээс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрс ирүүлсэн. Тэр нэрэн дээр байхгүй хүмүүсийг заавал Иргэний бүртгэлийн ерөнхий газар руу явуул гэсэн үүрэг өгсөн. Иргэд үүнийг хороо иргэдээ мэдэхгүй байна гэж ойлгоод байх шиг байна. Бид нэр нь байхгүй хүмүүсийг өгсөн үүргийн дагуу дүүрэг рүү явуулж байна.
-Тэгэхээр Улсын бүртгэлтийн газрын буруугаас болж, иргэдэд чирэгдэл учирч байна гэсэн үг үү?
-Ямар нэгэн бичиг баримтын зөрчилтэй л болоод тэндээс нэрийг нь хассан байх. Түүнээс биш хорооны зүгээс иргэдийн нэрийг хассан юм байхгүй гэв.
Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Баатарсайханаас дараах тайлбарыг авлаа. Тэрбээр “Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох нэрсээ өгөх ёстой газруудад явуулсан. Сүүлчийнхийг нь өнгөрөгч пүрэв гарагт дахин тодотгол хийж шинэчлээд өгсөн байгаа. Нэр нь байхгүй хүмүүс харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн тасаг дээр очоод хаягандаа байгаа эсэхийгээ тодруулж тодорхойлолт авч байна. Улсын бүртгэлийн газраас нэр гаргаж халамж үйлчилгээний газарт өгч байгаа. Халамж үйлчилгээний газар цааш нь анхан шатны нэгжүүд рүү дамжуулах ажлыг хийж байгаа” гэв. Иргэдийн нэрс байхгүй байгаа нь хэний буруу вэ гэсэн асуултад “Хүн давхардуулалгүй мөнгө өгөх ёстой. Тиймээс хаягандаа байгаа үгүйг нягталж байгаа асуудал. Түүнээс хаягандаа байгаа хүмүүсийг явуулаад явдал чирэгдэл учруулсан асуудал байхгүй байх гэж бодож байна. Манай зүгээс энэ гомдлуудыг багасгах үүднээс хороо, дүүргүүд дээр холбогдох хүмүүсийг нь ажиллуулж байна. Хаана, ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсч байгааг судлаж байгаа” гэв.
Нөгөө талаас иргэдийн бичиг баримтын зөрчил их байгаа нь тэдний хэнэггүй байдалтай холбоотой аж. Одоо 30 хүрч байна гэх нэгэн эрэгтэй иргэний үнэмлэхээ сунгуулаагүй байгаа талаараа ярьж хорооны ажилтнуудыг бухимдуулж байлаа. Дараалалд зогссон олны дунд хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэдэхгүй яваа хүмүүс ч тааралдаж байсан. Иргэдийн зүгээс “Бидэнд зориулж зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Аль өглөөнөөс хойш зоссон ч тулгалтаа хийлгээгүйгээс буцах явдал их байна” гэв. Мөн хувийн хэрэг шаардаж байгаа нь хэцүү байна гэсэн юм. Хоёрдугаар сард 70 мянган төгрөг олгохдоо өрх бүрт хувийн хэрэг нээсэн аж. Хувийн хэрэгт өрхийн ам бүлийг бүгдийг нь хамруулах ёстой. Иргэд нэрээ шүүгээд хувийн хэргээ авч бичилтээ хийлгэх учиртай гэнэ. Хэрэв өрхийн хэн нэгнийх нь бичилт дутуу байвал 70 мянгыг олгохгүй болох шинэчлэгдсэн программ хийгдэж байгаа аж. Өнгөрөгч даваа гаригт хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр захирамж гаргаж, лавлагааны 200 төгрөгийг хураахыг болиулсан байна. Өчигдрөөс энэ захирамжийг хэрэгжүүлж эхэлжээ.
Ж.Тагтаа
Улс төрийн тойм