Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын нэгдсэн намынхан “Ардчилсан холбоо эвсэл” байгуулж, УИХ-ын 1996 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд УИХ-д 51 суудал бүхий олонхи болж, МАХН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байв. Ардчилсан намынхны хувьд, улс төрийн “хаалга”-нд оновчтой гоол оруулсан торгон мөч тэр цагт тохиосон юм. Гэвч тус намд “Хөдөөгийнхөн” буюу “Элсний 13” хэмээх хуйвалдааны бүлэглэл үүсч, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын тэргүүлж байсан Засгийн газрыг ээлж, дараалан огцруулсан түүхтэй. Чухам тэр үеэс л Ардчилсан намд бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс нам руугаа “чулуу шидэх” үйл явц эрчимжиж эхэлсэн. Эцсийн үр дүнд нь тус нам УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдаж, парламентад ганцхан суудалтай үлдэж билээ.
2004 он. Дахиад л хямрал, зөрчилдөөн. УИХ-ын сонгуулийн дүн санаанд оромгүйгээр гарч, МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн суудлын тоо бараг тэнцсэн. Харамсалтай нь Ардчилсан намд ужгирсан үзэл бодол, ашиг сонирхлын зөрчил¬дөөн эвсэл задрахад хүргэж, намынхаа лидер Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг хөнтөрсөн түүхтэй. Энэхүү операцийг тус намаас салан тусгаарлаж, Үндэсний шинэ нам, Ард түмний намыг байгуулагчид МАХН-тай хүч хавсран гүйцэтгэсэн юм. Ардчилсан намыг дотроос нь хэмлэх үзэгдэл туйлдаа хүрснээс Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшигч М.Энхсайхан нь өвдөг шороодов.
Ардчилсан нам УИХ-ын 2008 оны сонгуульд чамлахааргүй олон суудал авч, Н.Алтанхуягийг намын даргаар сонголоо. Гэвч байдал намжсангүй. Н.Алтанхуяг даргаа “НО Алтанхуяг” хэмээн хочилж, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нөхдөө ноолох нь олшров. Түүгээр ч зогсохгүй хамтарсан Засгийн газрын танхимд сайд биш юм гэхэд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудал эзлэх гэсэн нөхдийн тулаан тус намд үргэлжиллээ. Ардчилсан нам дахь албан тушаалын дайн олон хоног үргэлжилсний эцэст Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, С.Ламбаа, Л.Гансүх, С.Баярцогт нар Тэргүүн шадар сайд, салбар хариуцсан сайдаар томилогдсон. Гэвч Н.Алтанхуяг дэд сайдын суудал хуваарилахдаа бодлогын алдаа хийсэн нь Ардчилсан намын өнөөгийн хямрал даамжрах эхлэлийг тавьсан юм. Учир нь тэрбээр “Алтангадас” фракцийнхантай хүч хав-сардаг “Кроун” фракцийнханд дэд сайдын суудлуудыг цөмийг нь “бэлэглэчихсэн” хэрэг. Түүгээр ч зогсохгүй намынхаа зарим лидерийг Оюутолгойн төлөөх тоглолтод оролцуулаагүй нь гал дээр тос нэмэхтэй адил явдал болжээ. Ардчилсан намын зарим гишүүн нэгэнт нүүрлэсэн хямралын талаар ярихдаа “Н.Алтанхуягийн 2000 онд тарьсан хямралын үр улам арвижиж байна” хэмээн хошигнодог. Тухайн үед Н.Алтанхуяг намаа талцуулах фракци, бүлэглэлүүдийг зохион байгуулсан гол эздийн нэг байсан гэдэг. Харин өнөөдөр гишүүд нь түүнийг эргэн ноцож байна. Тэр тусмаа нийслэлд хөл, толгой нь мэдэгдэхгүй үймэх боллоо. “Алтангадас” фракцийнхан ротацийн сонгуулийг эцэслэн гаргахгүй нэлээд уясан ч өнгөрсөн бямба гарагт болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар олонхийн байр сууриа алдсан. Гэсэн ч эрх мэдлээ алдахгүйн төлөө намынхаа Хяналтын ерөнхий хороог яаралтай хуралдуулахыг шаардсан суултад жирийн гишүүдээ турхирч байгаа ч Ардчилсан хүчний холбооны гишүүнээр даргалуулсан тус хорооныхон гэдийсээр буй.
Н.Алтанхуяг, З.Энхболд нарт на¬маа хагарлаас ангижруулах хоёрхон гарц бий. Эхнийх нь Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой улстөрчдийн мастер тоглолтод Ардчилсан хүчний холбооныхныг голлон тоглогчоор оролцуулах. Хоёр дахь нь Н.Алтанхуяг З.Энхболдод далан таваар бууж өгч, намын даргаа өгөх. Талууд тохиролцож, гар барилцсаны эцэст УИХ-ын 2012 оны сонгуульд хэн, хэн гэдэг кандидатуудаа нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр хэлэлцээр хийнэ. Ингээд л ирэх сонгууль хүртэл “Bye”. Эл үйл явдал эрчимжихгүйгээр Ардчилсан намын дотоод хямрал намжихгүй. Хэрэг явдлын гол зангилаа нь фракциудын хонзогнолоос үүдэлтэй. Хэрэв Н.Алтанхуяг байраа тавьж өгөхгүй бол түүний эсрэг хөдөлж, Ардчилсан хүчний холбоог байгуулсан нөхөд 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй үлдэх магадлал бий. Харин З.Энхболд Ардчилсан намын дарга болвол “Алтангадас”-ынхан тэдэнтэй эвлэрлийн гэрээ байгуулж, ямхын төдий эрх ашгаа хадгалж үлдэх гарц ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч энэ бүхний тайлал эцэслэн гарах цаг хараахан болоогүй. Ардчилсан намынхны “Ашиг харсан” хямрал ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Онцлог нь талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Ардчилсан намынхан хямрал, талцалтайгаар УИХ-ын 2012 оны сонгуулийг угтана. Эцсийн үр дүнд нь тэд МАХН-д үсгүй хусуулна гэсэн үг. 2000 он. Тэр үеийг эргэн санацгаа, Ардчилсан намынхан.
С.Баттулга
Улстөрийн тойм