1. Харийнхны эсрэг Sigourney Weaver
Хүн төрөлхтнийг устгахаар цэнхэр гариг руу маань зүглэсэн харийн араатнуудыг сансрын хөлөг дээрээ амь, хайргүй тэмцэлдсээр зогсоосон, эршүүд зоригтой бүсгүй 90-ээд онд дэлгэцийг байлдан дагуулж байсан. Өвч зэвсэглэсэн эрчүүд харийнхны эсрэг хүчин мөхөсдөж байхад Ripley бүсгүй ганцаараа үлдэн, аймшигт араатнуудтай үхэн хатан тэмцэлдэж буй дүр зураг кино ертөнцөд шуугиан дэгдээж, даруй үргэлжлэл ангиуд нь төрөн гарч байлаа. Олон жилийн дараа шөрмөслөг бүсгүй дэлгэцнээ эргэн ирсэн нь алдарт “Аватар”. Тэр энэ удаа харийнхны эсрэг зэвсэг барин тэмцсэнгүй, эсрэгээр нь тэднийг өмгөөлөн хамгаалж буй эрдэм шинжилгээний ажилтны дүрд хувирсан юм. Тэр томоожжээ.
2. Linda Hamilton-Робот алуурчны эсрэг
Arnold Schwarzenegger-ийн алдарт “Терминатор” киноны хоёрдугаар ангид тоглосон шаргалд үст, үзэсгэлэнт бүсгүйг санаж байна уу. Sarah Connor-ийн дүрд тоглосон Linda Hamilton бас л нэгэн тулаанч бүсгүй. Алуурчин роботын эсрэг тэмцэлдэх Linda дэлгэцнээ мөнхөрсөн эрэлхэг зоригт бүсгүйчүүдийн нэг юм.
3. “Биллийг хөнөөсөн”Uma Thurman
Uma Thurman “Биллийг хөнөөхийнхөө” өмнө сайн гэрийн эзэгтэй, халамжит ээж, дурлалт бүсгүй байлаа. Тэрбээр гэнэтхэн л өөрчлөгдөж, үзэгчдийн өмнө самурайн сэлэм атгаж, цус урсгасан өшөө авагч болж орхисон. “Kill Bill” киногоороо тэр юу чадахаа харуулсан гэхэд болно. Түүнээс өмнөх тулаант кинонд бүр бүтээсэн эмэгтэй жүжигчид ихэвчлэн буу онилон, хүйтэн сэтгэлтнүүдийн эсрэг тулалдаж байсан бол тэр анх удаа сэлэм барьж, якудза нарыг хашраан үзэгчдийг гайхан дуу алдтал “хөл, гар, толгойг хайр найргүй цавчилж” байлаа. Шар хувцаст өшөө авагч эмэгтэй самурай Uma Thurman.
4. Муур эмэгтэй Michelle Pfeiffer
Аль хэдийнэ нас тогтож, кино урлагаас шахагдсан Michelle нас залуу, цус шингэн явахдаа бужигнуулж л явсан Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг. Michelle тулалдаж, үзэлцэж явсан уу гэж та гайхаж магадгүй. Тэгвэл “Бэтмен”-ийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. “Бэтмен эргэж ирсэн нь” киноны муур эмэгтэй багны цаана Michelle Pfeiffer байсан юм. Michelle аргагүй залуу байж дээ. Муур мэт уян налархай хөдөлгөөн, гайхамшигтай бие цогцос ганцхан түүнийх л байсан юм. Муур эмэгтэй дүрд хувирахаар тэр эгээтэй л жинхнээсээ муур болчихоогүй гэдэг. Акробатын хичээл заалгаж, хэцүүхэн бэртэл гэмтлүүдийг ч үл тоон гайхалтай дүр бүтээсэн түүнийг дэлгэцэн дэх бас нэгэн супер эмэгтэйгээр нэрлэжээ.
5. Хатагтай Смит
Одоо цаг үеийн Холливудын эмэгтэй жүжигчдийг гоо үзэсгэлэн, авьяас чадвар, нэр алдар гээд бүхий л зүйлээрээ тэргүүлж яваа Angelina Jolie-г энд дурдахгүй бол алдас болох биз ээ. Эр нөхөртэйгөө “Ноён ба хатагтай Смит”-ийн дүрийг бүтээсэн гайхалтай кинондоо Jolie-г ямархуу тулаанч бүсгүй болохыг та харсан. “Wanted”, “Tomb raider” гээд түүний тоглосон олон кинонд толгой эргэм адал явдал, тэмцэл тулаан дүүрэн өрнөдөг. Холливудын бусад эмэгтэй жүжигчид хүртэл түүний хурц, ширүүн хөдөлгөөнд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүний бие хэтэрхий их тулаан, үсэрч харайсан эрсдэлтэй зураг авалтуудад тохиромжгүй хэмээн атаархал, шүүмжлэлийн алин болох нь үл мэдэгдэх жиг жугийг хэвлэлээр шидэцгээдэг. Холливудын нүүр царай болоод байгаагийн бас нэгэн нууц нь түүний гоо үзэсгэлэнгээс гадна тулаант киноны супер баатар эмэгтэй төрх билээ.
6. Мichelle Yeoh-дорнын нууц
Холливудын эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтсан цөөхөн хятад бүсгүйчүүдийн нэг. Хятадын бие хамгаалах урлагийг сайтар эзэмшсэн Мichelle Yeoh тулаант киноны од бүсгүйчүүдийн нэгэнд нэрлэгдэх нь аргагүй биз ээ. Хэдийгээр нас явж байгаа ч тэрбээр тулалдсаар, дорнын бие хамгаалах урлагийн гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлсээр л яваа.
Chow Yung Fat-тай хамт тоглосон “Хүрхрэх барс, гэтэж буй луу” киног нь та бүхэн сайн мэднэ. Энэ бүтээлээрээ Холливудад хүч түрэн орж ирсэн жүжигчин бүсгүй яахын аргагүй жинхэнэ тулаанч билээ.
7. Яг одоо…
Дөнгөж саяхан “Kick ass” кино нээлтээ дэлхий даяар хийж, ашиг орлогоороо толгой цохиж эхлээд байгаа. “Kick ass” киноны гол дүрд тоглосон Chloe Grace Moretz Холливудын хит охин болоод байна. Өвөрмөц үс, суперменийх шиг өмсгөл бүхий эгдүүтэй тулаанч охин яг одоо дэлгэцнээ шуугиан тарьж байна. Өмнөх үеийн тулаанч бүсгүйчүүдийн үргэлжлэл болон ирж буй хит охин Chloe Grace Moretz.
Н.Наран