Арав гаруй жолооч өлсгөлөнд нэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Арав гаруй жолооч өлсгөлөнд нэгдэнэ гэв

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Авто тээврийн газрын өмнөх талбай дахь хайсан төмөр хашаан дотор том жижиг оврын нийлсэн 20 орчим автобус, микро зогсчээ. Зэрэгцээ байрлах гурван автобус томоос том цагаан хулдаасан дээр “Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл хууль бус үйлдлээ зогсоо”,  “Шаардлагын хариу өг, шийдвэрээ цуцал” гэсэн лоозонг хадсан байв. Энэ бол “ Хүчит-Арслан” ХХК-ийн жолооч нар.

Авто тээврийн газраас хот хоорондын нийтийн тээврийн байнгийн үйлчилгээ эрхлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  Авто тээврийн газрын удирдлагууд будлиантуулж шударга бусаар явуулсан гэж үзэж байгаа гэнэ. Уг нь бол “Хүчит-Арслан” ХХК- нь 2007 оноос өнөөг хүртэл Эрдэнэт-Улаанбаатар, Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байсан боловч энэ жил тэрхүү тусгай зөвшөөрлийг аваагүй учраас ийн бухимдаж хэд хоног жагсч буй. Өчигдөр өдрийн 13.10 цагийн үед тэмцэл хийж буй жолооч нараас хашаан дотор нэг ч хүн байсангүй. Харин  жагсаалыг сонирхож буй хүмүүсээс ганц нэг нь ”Энэ микроны жолооч нар арай дэндэж байна. Хэн дуртай нь жагсч, уриа лоозон өргөн, зам хааж, тээврийн хэрэгсэл явуулахгүй гэж сүрдүүлэх болжээ” гэж амандаа үглэх. Өчигдөр төмөр зам хааж, хот руу орж ирэх автобус унааг явуулахгүй гэж сонин хэвлэлээр сүржин мэдэгдэл хийсэн болохоор  үйл явдлыг сурвалжлахаар газар дээр нь  очиход эзнээ хүлээсэн төмөр хүлгүүдээс өөр  юу ч   харагдсангүй. Хамгаалалтад гарсан  цагдаагийн  ажилтнуудаас автобусны  эзэд  хаана байгааг лавлан тодруулснаар Авто тээврийн газрын өмнөх талбайг зүглэв. Энэ талбайн голд ногоон өнгийн  микро автобус дотор гурван хүн  сууж харагдлаа. Нэг нь микроны хойд суудал дээр хэвтсэн харагдана. Харин тэр хүн 11.00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан “Хүчит–Арслан” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбат аж. Машин дотор суух хэд хэдэн хүний яриагаар бол  “Авто замын газрынхан сонгон шалгаруулалт будлиантуулсан  тул тулган шаардах бичгийг өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр өгсөн.  Гэвч тээврийн газрын дарга нараас нааштай хариу сонсоогүй тул ийн өлсгөлөнд шилжээд хоёр цаг болж байна. Бидний шаардлагад хариу өгөхгүй бол нэмж олон хүн өлсөнө” гэв.   

Ц.Чинбат Сонгон шалгаруулалт будлиантсан

Ингээд машин дотор өлсгөлөн зарлаж  буй  “Хүчит-Арслан” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбаттай уулзлаа.Тэрбээр “Өнгөрсөн оны аравдугаар сард  Авто тээврийн газрын удирдлагууд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Улаанбаатар хот-Орхон аймгийн Баян-Өндөр сумын чиглэлд  бага оврын автобусны хот хоорондын нийтийн тээврийн байнгын үйлчилгээ эрхлэх гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулалтыг  хууль бусаар явуулж, мэргэжлийн бус удирдлагатай, инженер техникийн ажилтангүй, өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй, мэргэшсэн жолоочгүй” ББ-Од” ХХК-ийг шалгаруулсан. Мөн “Атибус”, “Эрдэм транс”, “Автобус-5” зэрэг компани сонгон шалгаруулалтын үндэслэлгүй тусгай  эрх олгосон зэрэг  удаа дараа сонгон шалгаруулалтыг будлиантуулж ашиг сонирхолын зөрчил гаргасан гэж үзсэн учраас бид тэмцлийн хэлбэр сонгоод байна. Уржигдар буюу 2011 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэлд шаардлага тавьсан. “Гэтэл шийдвэрийг цуцлах боломжгүй” гэсэн хариулт ирсэн. Хэрэв ирэх баасан гариг хүртэл тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол нэмж арав гаруй жолооч өлсгөлөнд оролцоно” гэлээ. Түүнээс цөөн зүйл тодруулав.

-Сонгон шалгаруулалтыг будилуулж, ашиг сонирхолын зөрчилтэй ажилласан гэдэгт  нотлох баримтан дээр тайлбар өгөөч?

-Хэвлэл мэдээллээр энэ талаар хангалттай гарч байгаа шүү дээ. Тухайлбал “ББ-Од” компани энэ сонгон шалгаруулалтад 40-50 сая төгрөг зарцуулсан гэж нэг телевизээр ярьсан. Тэр компани яагаад   40-50 сая төгрөг зарцуулсан, хэн  тэр мөнгийг авсан нь тодорхой юм биш үү.

-Хэрэв  та бүхэнд Авто тээврийн газрынх­ны хууль бус үйлдлийг нотлох баримт байгаа бол шүүхэд хандаж болно шүү дээ?

-Бид Авто тээврийнхэнтэй л ярина.

“Эрдэнэт-Арслан” компани осол гаргаж олон хүний аминд хүрсэн

“Хүчит-Арслан” компанийн тэмцэгчид мөн ашиг сонирхолын зөрчилтэй ажилласан хүмүүсийг АТГ-т шалгуулах шаардлага ч тавьсан гэлээ. Бид Авто тээврийн газрын   дарга Б.Цэнгэлтэй уулзах гэсэн боловч эзэнгүй байсан тул орлогч дарга  Н.Пунцагаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн дунд машин шатаана, жагсана, цуглана, зам хаана, өлсөнө гэх зэргээр   шанаатжлах, дарамт үзүүлэх  аргаар асуудлыг шийдэх гэсэн муухай жишиг тогтсон байна. Та бүхэн мэдэж байгаа.  Орхон аймгийн сонгон шалгаруулалтын тухай  асуудлыг ярихын тулд сүүлийн таван жилийн асуудлыг ярина. Одоо манай гаднах талбайд өлсгөлөн зарлаж буй “Хүчит-Арслан” компани нь 2005 онд  “Эрдэнэт-Арслан” нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад том хэмжээний осол гаргаж олон хүний аминд хүрснээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан юм. Үүнээс гурав хоногийн дараа дараа“Хүчит-Арслан” гэсэн нэртэй болсон юм билээ. Нэрээ сольсон дээрх компанийн үйл ажиллагааг  хууль бус гэж үзэн манай газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Өнгөрсөн онд болсон Орхоны  сонгон шалгаруулалт бол ямар ч хууль зөрчсөн хууль үйлдэл байгаагүй. Манай авто тээврийн  газраас   сонгон шалгаруулалт явуулах журмыг үндэслэн  дээрх шалгаруулалтыг явуулсан. Орхоны сонгон шалгаруултад  оролцсон комиссын гишүүн  нэр бүхий таван хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн шүү дээ. Дээрх компанийн тэмцэгч нарт хандаж ”Хэрэв  сонгон шалгаруулалт хууль бус болсон  гэж үзэж байгаа бол шүүхэд өгөөч” гэж хэлье. Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан учраас шийдвэр цуцлагдах тухай асуудал байхгүй” гэлээ.

Албан бус мэдээллээр дээрх өлсгөлөн зарлаад буй “Хүчит-Шонхор” компани өнгөрсөн жил 980 сая төгрөгийн орлого олсон бөгөөд орлого тодорхойгүй гэсэн үндэслэлээр сард 10 мянган төгрөгийн хураамж төлж байжээ. Арав гаруй хоног үргэлжилж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүссэн маргаан цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж