21 мянгаараа хороолол баривал ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

21 мянгаараа хороолол баривал ямар вэ?

Эх орны хишгийн төлөө иргэд “алалдаж” байна. Үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл хөхөө өвлөөр хөл гараа хөлдөөн байж дугаарлан авах энэ мөнгө иргэдэд тийм их хэрэгтэй  юм гэж үү. Өгч буй эрхэмд, авч байгаа нөхөрт аль алинд нь ашигтай бас амттай байж чадах юм болов уу. 

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ иргэдэд хандан урилга гаргаад байгаа юм. Хот, суурин газрын гэр хорооллын өрхүүдэд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууц олгох эрх зүйн орчныг нэн даруй бий болгох уг шаардлагын хариуг гуравдугаар сарын 1-ний дотор албан ёсоор өгөхийг   эрхэм Ерөнхий сайдаас шаардаж буй аж.

 Монгол Улсын иргэн хэн боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос санаачилсан энэ уриалгыг дэмжин  гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын  талбайд гэр хорооллын өрх бүрийн төлөөлөл ирж гарын үсгээ зурахыг мөн уриалжээ.
 Монголд сүүлийн үед уриалга, шаардлага моод болж буй.  Болж  л өгвөл шаардаж, шаардах бичгээр бусдыг айлгах, сүрдүүлэх дуртай болчихсон.Саяхны нэгэн томоохон жагсаалаас харахад яг л ийм дүр зураг бууна лээ.

Урвагчдаас  намаа аврах, шантаажны улстөрчдөөс өөрсдийгөө хамгаалах гэх мэтчилэнгээр 20 жилийн тэртээх цагаан морин жилийн гэх ардчиллаар олж авсан эрх чөлөөгөө хэтрүүлэн эдлэх монголчууд юу хүссэнээ уриалж, шаардаж сууна. Гэхдээ хацар эсгэм хүйтнийг үл тоон хайрт намынхаа төлөө сайн дураараа даарч буй залуусын хэтэрхий сүржин шаардлагаас дээрх уриалга тэс өмнө аж.

Албархуу үнэр, амбицийг нь эс тоож, үнэ төлбөргүй гэх үнэ цэнэгүй үгсийг нь хасчихвал  дээрх шаардлагын дэвшүүлсэн гол санаа нь амьдралд ойрхон болохоор таалагдаж байна.

Хөнгөлөлттэй зээлээр, хөрөнгө мөнгөний барьцаагүйгээр орох орон, оочих аягатай болохыг зүүдэлж буй Монголын мянга, мянган залуусын, мянга мянган иргэний  мөрөөдөл бол байр. Үндсэн хуулиар олгосон эрүүл орчинд тохилог дулаахан амьдрахыг мөрөөдөж буй залууст харамсалтай нь, байр авах хэмжээний мөнгө, боломж алга. Тэр боломжийг нь олгоно хэмээн найдсандаа, холын мөрөөдөлтэй нь холбогдсондоо дээрх уриалгын үндсэн санаа, ерөнхий зорилго нь миний адил олон залууст таалагдах байх гэдэгт итгэлтэй байна.

Байгалийн баялгаас хүн бүр жилд 250 мянга, сард 21 мянган төгрөг хүртэнэ. Ерөнхийдөө их мөрний уснаас сардаа нэг аяга ус уухтай л адил.  Харин үүгээр гэр хорооллоо барилгажуулж яагаад болохгүй гэж?

Тэгэхээр амь амиа бодоод алга дарамхан газаргүй хоцрох уу, аль эсвэл нийтэд өгөх 805 тэрбумаараа нийлээд нэг ч хэсэг нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлэх үү гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Гэхдээ энэ нь нэг хэсэг хүний мөрөөдөл төдий биш ээ, хэдэн мянган утаа уугиулагч янднаас салах нийтийн мөрөөдөл ч бас бий. Нийслэлд 150 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа.  Тэдгээрийг  бүгдийг  нь орон сууцаар хангана гэвэл 60 айлын 2166 ширхэг орон сууц  барих хэрэгтэй болно. Жаран айлын нэг орон сууц барихад хоёр тэрбум шахам төгрөг шаардлагатай. Тэгэхээр  805 тэрбум төгрөгөөр 402 ширхэг 60 айлын орон сууц барих тооцоо гарч байна. Чингэвэл 24 мянган өрх орон сууцтай болж чадна. Улаанбаатар 24 мянган утаа үйлдвэрлэгчээс “хагацах” боломжтой болно.

Ойрхон жишээ татахад орон сууцны долдугаар хорооллыг шинээр барих ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэхээр болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд хэсэг, Ногоон нуур, 32-ын тойргийн орчимд, 10 мянга 949 айлын орон сууц барихаар  Засгийн газар төлөвлөөд буй. Үүнд  эхний ээлжинд  шаардагдах 20 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгажээ.  Уг нь 805 тэрбумыг салхинд хийсгэснээс дээрх хорооллыг босгох ажилд зарцуулчихвал Монголын мянга мянган залуусын мөрөөдлийг гүйцээж, мянга мянга үрсээ хордуулдаг утаагаа бага ч гэсэн хороож, мянган мянган иргэний саналыг зулгаах бодит ажил болж чадах байлаа. Хоолонд зарцуулах 21 мянган төгрөгнөөс татгалзаж, хоёр өрөө байрны төлөө Ардчилсан намын шаардлагыг дэмжиж гарын хоёр гараа өргөх хүн хоёр сая  байгаа гэж найдаж байна.  Нэг намын төлөө бус нийт иргэдийн эрх ашиг,  мөнхийн мөрөөдлийн төлөө болохоор тэр шүү дээ. Та дэмжиж байна уу?

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж