
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч зүрхний хүнд өвчний улмаас биеийн байдал тааруу, өдгөө Барселона хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус хотын Quiron эмнэлгийн олон нийттэй харилцах албаны мэдэгдсэнээр ноён Самаранчийн биеийн байдал хүнд, түүнтэй уулзах хүсэлтэй чухал хүмүүсийг түүний өрөө рүү нэвтрүүлж байгаа гэнэ. Тус мэдэгдэлд “Хуан Антонио Самаранч зүрхний титэм судасны архаг дутагдлын улмаас манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал тун хүнд байна” гэжээ.
1980-2001 оны хооронд Олон улсын олимпийн хороог тэргүүлж байсан ноён Самаранч өдгөө 89 настай, тус байгууллагын хүндэт ерөнхийлөгч бөгөөд өнөөг хүртэл Испанийн спортын удирдах зөвлөлд ажилласаар байгаа юм. ОУОХ-ны ерөнхийлөгчийн хүндэт албыг хашиж байх үедээ тэрбээр хүнд байдалд ороод байсан олимпизмийн хөдөлгөөний санхүүгийн байдлыг бат суурьтай болгож чаджээ.
С.Цэлмэг