![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/5/9adb0a9d488d6eec/01444c3b3a881892big.jpg)
-Энэ сард Н1N1-ээр 12 хүүхэд өвчилсөн. Дахин өвчлөлийн тохиолдол илэрсэн гэж байсан?
-Хүүхэд нэмж өвчлөөгүй. Амбулаторийн шинжилгээгээр 12 хүүхдэд А хүрээний Н1N1 вирус илэрсэн. Хүүхдүүд эмнэлэгт хэвтээгүй, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийж байна. Хүүхдүүдийн бие сайжирч зарим нь эмнэлгээс гарсан. Ер нь энэ өвчний вирус дэлхийн даяар ч тархсан хэвээр байгаа. Тиймээс иргэд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон өөрсдөө сэргийлэх хэрэгтэй. А хүрээний Н1N1 вирусийн илрэл нь томуугийн шинжтэй байгаа учраас иргэд ханиад хүрсэн тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу арга хэмжээ авах хэрэгтэй.
-Томуугийн Н3N2 вирус ихээр илэрч байна гэсэн. Энэ нь Н1N1-ээс юугаараа ялгаатай бас хэр аюултай юм бэ?
-Энэ нь улирлын томуугийн нэг хэлбэр юм. Энэ жил Н3N2 гэх вирус ихээр илэрч байгаа. Хүнд аюултай өвчин биш. Томуугийн эмчилгээ хийхэд эдгэдэг. Н3N2-ийн вирус илэрлээ гээд айх зүйл байхгүй. Эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэхэд болно. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ хамтран “Томуу, томуу төст өвчин, томуугийн цар тахлын А хүрээний Н1N1 вирусын халдварын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ” сургалтыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын 9 дүүргийн 124 өрхийн ахлагч эмч нар болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, ЭМГ-ын халдвар судлагч 63 хүн сургалтад оролцсон.
-Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний халдвар ихэсдэг. Бага насны хүүхдийн өвчлөл өнгөрсөн жилээс нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна?
-Улсын хэмжээнд 140.545 хүн амбулаториор үйлчлүүлсний 13.264 буюу 9.4 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар илүү байна. Үүнээс Улаанбаатар хотод 67.697 хүн амбулаториор үйлчлүүлсний 5766 нь тус өвчинөөр өвчилсөн нь тогтоогдсон. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар илүү үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 82.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүнээс 55.5 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 45.6 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Орон нутгийн хувьд Архангй, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг аймгуудад томуугийн дэгдэлт өндөр байна.
-Танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонхи нь томуу, томуу төст өвчтэй хүмүүс байгаа гэж байна. Бусад халдварт өвчиний өвчлөл хэр байна?
-ДОХ буюу Бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны албанд энэ сард нийт 945 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсаны 64.8 хувь буюу 614 нь урьдчилан сэргийлэх үзлэгт орж, зөвлөгөө авсан. Нийт шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 2 хувьд нь БЗДХ илэрч эмчийн хяналтанд орлоо. Мөн сүрьеэгийн тандалт судалгааны албаны Амбулаториор 261 хүн үйлчлүүлсэнээс 11 хүн шинэ сүрьеэгийн өвчлөлтэй байсныг эмнэлгийн хяналтад оруулсан.