БТСГ тамирчидтайгаа хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

БТСГ тамирчидтайгаа хамтран ажиллана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын санаачлан байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
2010  оныг дуустал нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн олон санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр байгууллага хамтран ажиллахаар болжээ. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Наранбаатар, дэд тэргүүн Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нар оролцов.
Уг гэрээ байгуулагдсанаар Монголын шилдэг тамирчдын санаачлагаар бий болсон “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан Биеийн тамир, спортод төрөөс баримтлах бодлогыг сурталчлах, бүх нийтийн эрүүл мэнд, чийрэгжилтэд чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар бий болгосон “Олимп” хөгжил сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэх гэхчлэн нийтийн биеийн тамир, спортын салбарын олон чиглэлд хамтран ажиллах боломжтой болж байна.
Хоёр байгууллага хамтын ажиллагааныхаа эхлэл болгож, энэ сарын 25-нд Дархан-Уул аймагт олимп, дэлхийн аваргуудын уулзалт, лекцийг зохион байгуулахаар болжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж