”Мөнгөний бодлогоо улам чангал”

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

”Мөнгөний бодлогоо улам чангал”

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тоймыг гаргажээ. Дэлхийн Банкны Монголыг хариуцсан тэргүүлэгч эдийн засагч Рожер ван ден Бринк энэ талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ерөнхийдөө мөнгөний бодлогоо улам чангалахгүй бол инфляци улам ихсэх нь гэж тэд сэрэмжлүүлж байна.

Эдийн засагчдын анхаарлын төвд байдаг инфляци хоёр оронтой тоонд уягдсан хэвээр, цаашид ч өсөх хандлагатай байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын инфляци 14 хувь хүрч хэрэглээний үнэ цаашид өсөх хандлага ажиглагджээ. Өнгөрсөн өвлийн зуднаар их хэмжээний мал хорогдож махны үнэд нөлөөлсөн гэдэг. Махны үнэ одоо ч дорвитой буурахгүй байгаа нь инфляцид нөлөөлсөөр байна. Цаашид инфляцийн дарамт ихсэх урьдчилсан дүн гарчээ. Учир нь хүнсний ногоо, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдхүүн нийлүүлэгч Хятад, ОХУ-д үнэ өсч байгаагаас гадаад орчноос инфляцийн дарамт ирж болзошгүй ажээ. Энэ мэтчилэн 2011 онд гадаад, дотоодын хүчтэй дарамтууд хослон нүүрлэж магадгүй байна. Түүнчлэн  2011 оны төсвөөр их хэмжээний бэлэн мөнгө тараахаар батлагдсан. Тиймээс Монголд 2011 онд үнийн өсөлтийн дарамтууд үргэлжилнэ гэж Дэлхийн банк үзэж байна.

Рожер ван ден Бринк, 2008-2009 оныг дамнаж дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үеийн эдийн засгийн уналтаас хойш Монголын эдийн засгийн ихэнх салбарууд сэргэж байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.  Энэ нь ашигт малтмалын үнэ өсч буйтай холбоотой бөгөөд 2010 оны төсөв алдагдалгүй гарсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2009 онд 1,3 хувийн бууралттай байсан нь 2010 оны урьдчилсан мэдээгээр 6,1 хувь өссөн байна. Гэхдээ хүнс, хөдөө аж ахуй салбарт байдал эсрэгээрээ, сүүлийн гурван улиралд хоёр оронтой тоогоор хэмжигдэх бууралттай буй ажээ.

Төгрөгийн ханш өнгөрсөн онд эрчимтэй чангарсан. Үүнд сайн, муу хоёр талтай гэдэг. Харин Дэлхийн банк төгрөгийн ханш хямралын өмнөх төвшиндөө хүрсэн байгааг дуулгалаа. Төгрөгийн америк доллартай харьцах ханш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмнөх сараасаа гурван хувиар, өмнөх оны мөн үеэс 15 хувь өсчээ. Гэхдээ төгрөгийн чангаралт хадгаламжид сайнаар нөлөөлсөн судалгаа гарчээ. Хадгаламжийн бодит хүү буурсан хэдий ч хадгаламжийн баталгааны хууль болон ханшийн таатай байдлаар өдөөгдөн төгрөгийн хадгаламж өссөөр байгаа аж.

Харин банкны салбарт чанаргүй зээлийн багц болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 16 хувьтай тэнцэж байгаа нь анхаарал хандуулах өндөр үзүүлэлт ажээ. Мөн ам.долларын хадгаламжийн хүү маш өндөр хэвээр байгаа нь зах зээлийн эрсдэлтэй байдалд орж болзошгүйг сэрэмжлүүлж байна. Энэ дашрамд нэмж дуулгахад, хувийн салбарынхан гадаадаас зээл авах  нь нэлээд их хэмжээгээр нэмэгджээ. Үүнд Төв банкнаас онцгой анхаарал хандуулж маш сайн хяналт тавих хэрэгтэй гэнэ. Учир нь эдгээр зээлүүд нь ямар ч хамгаалалтгүй, зээлдүүлэгч мөнгөө гэнэт татсан тохиолдолд зээлдэгчийг эмзэг байдалд оруулж болзошгүй ажээ.

2011 оны төсвийн хуулийг тойрсон элдэв шүүмжлэл үргэлжилсээр байна. Дэлхийн банк сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Монгол Улс төсвөө ил тод байлгах тал дээр томоохон ахиц гаргасан боловч төсвийн  хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй” гэдгийг зөвлөж байсан юм. Түүнчлэн 2011 онд Хөгжлийн Банк байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ банк нь Монгол Улсын урт хугацааны дэд бүтцийн хэрэгцээг санхүүжүүлэхдээ Төсвийн Тогтворжуулалтын Сангийн орлогын нэг хэсгийг хэрэглэх юм. тиймээс Хөгжлийн Банкийг байгуулахад олон улсын туршлагыг үндэслэн заавал анхаарах шаардлагатайг онцлов.

Б.БЯМБА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж