Эр хүн “туг ч барина, тугал ч хариулна”

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Эр хүн “туг ч барина, тугал ч хариулна”

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт нэгэн хөлтэйхэн найр Улаанбаатар ресторанд боллоо. Энэ нь Монгол улсын 148 дахь генерал Д.Энхбаатарын цолны найр байсан юм. Казино Энхбаатар гэхээр монголчуудын  дунд танихгүй хүн бараг үгүй. Дорнод нутгийн цөс ихтэй буриад хөвгүүн энэ амьдралдаа ихийг үзэж яваа нэгэн. Ардчилсан хувьсгалын анхны хараацай гэгдэж улсын Бага хуралд сууж, анхны чөлөөт Үндсэн хууль батлалцаж, ардчилсан хүчин анх  засгийн эрх барихад ард түмний элчээр сонгогдож, байнгын хороо даргалж “туг барьж” явав. Бас мөр нийлэн зүтгэсэн журмын нөхөр нь хэрцгийгээр хорлогдож, үүнийг дөрөөлөн Монголын улс төрчдийн бие биенийхээ эсрэг явуулсан өшөө авалтын золиос болж, Казиногийн хууль санаачлан авилга авсан нэртэйгээр “аавын хаалга татсан”. Түүнийг шоронд илгээсэн хүмүүсийн дотор нэг намд, нэг зорилгын төлөө зүтгэж явсан ойрын нөхөд нь ч байсан юм. Тэд юуны учир,  ямар зорилгоор нөхрөө шоронд илгээснээ ч таг мартсан биз. Харин Д.Энхбаатар улс төрийн амьдралын хатуу ширүүн хуулиар амьдралынхаа нэлээд хэдэн жилийг “хэцүү газар” өнгөрөөсөн.

 Гэхдээ “эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэдэгчлэн тэр өнөөдөр генералын мөрдөс гарджээ. Найранд  ирсэн эрхмүүдийг харахад Д.Энхбаатар гэдэг хүн хэн бэ гэдэг нь шууд л харагдана. Хазгайдуу хэлтэй, халамцуухан хөөрөлдөх Дорнод нутгийнхан, костюмаар гангарч гутлаа гялалзтал зүлгэсэн ч шууд л танигдах партизанууд, багынх нь найзууд болох хотын төв, 40 мянгат хавийн нөхдүүд, урлаг соёлын алдартнууд, Их хурал Засгийн газрын гишүүд, Тагнуулын газрын дарга, батлан хамгаалахын дээд офицерууд гээд энд монголын нийгмийн бараг л бүх давхарга, салбарынхан цуглажээ. Д.Энхбаатарыг найзтай бол найзтай , найртай бол найртай хүн гэдэг нь аргагүй бололтой. Уригдсан зочид дотор амьдралын элдэв нугачаанд түүнийг “тугал хариулж” явахад нь тараа таниулсан ч хүмүүс байх шиг. Орон шорон гэдэг баргийн хүнийг нугалдаг гэдэг ч омголон зантай энэ буриадыг  харин огт өөрчлөөгүй аж. Бодлогогүй, болгоомжгүй, өөдгүй гээд өөр өөрийн шалтгаанаар түүний эсрэг мэдүүлэг өгөөд явж байсан олон эрхэм түүний генералын мөрдөсийг хамт “угаалцаж” сууна лээ. Тэр муу муухайг бүгдийг нь мартаад, урьдын л адил гэнэн ч юм уу тэнэг ч юм уу гэмээр зангаараа бүгдийг нь цуглуулан найрлаж сууна. Магадгүй хүнд муу санадаггүй энэ л ховор зан нь түүнд  “туг барих” шаанс дандаа олгодог биз. Тэр өнөөдөр монголын хамгийн мундаг генерал биш байж болох л доо. Гэхдээ маргаангүй хамгийн баян намтартай, хамгийн сонирхолтой генерал лав мөн. Түүнд сайн сайхныг хүсье. 

Т.МӨРӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж