Ажиллая л даа, найдвартай байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ажиллая л даа, найдвартай байж чадах уу?

Хөдөлмөрийн нэгдсэн яармаг өчигдөр Хүүхдийн ордонд бүтэн өдрийн турш үүдээ нээлээ. Энэ оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосны дагуу нийслэлийн төр, захиргааны байгуулага энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ ажил хөдөлмөрийн нэгдсэн яармагаар нээлтээ хийв.

Өнөө жил нийслэлийн удирд­лагууд төр, хувийн хэвш­лийнхэнтэй хамтран 35 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангахаар зорьжээ. 2010 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам нэг сая 161,8 мянга болж өмнөх оныхоос таван хувиар өссөн агаад 60,9 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам ажээ.
 Хөдөлмөрийн яармагт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн, ажил ол­гогч аж ахуйн нэгжүүд гээд 60 гаруй  байгууллага оролцож, иргэдэд ажлын байрт урьж, мэдээлэл зөвлөгөө өгөв. Дүүрэгт бүр хөдөлмөр халамж үйлчилгээний төв байдаг ба ажлын байрт зуучилдаг хувийн байгууллагууд ч байдаг юм байна. Тэд саяхнаас нэгдэж мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болсон байна. Тус сүлжээгээр ажилд орох хүмүүс нийгмийн даатгал төлсөн байх шаардлагыг тавих гэнэ. Ажлын байрны санал хэдэн мянгаараа байгаа ч ажиллах хүчин мөн л хэдэн мянгаараа. Үүнд аль алинд нь шалтаг тоочдог. Ажил олгогчид ажлаа хийж чаддаггүй гэх товчхон үгээр тайлбарладаг бол ажил орсон хүмүүс цалингийн хэмжээ болон хугацаандаа цалингаа тавихгүй, олон цагаар ажиллуулдаг гэх мэт гомдол мэдүүлэх нь бий. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компани ажилд авсан хүнээ таван сар туршилтаар ажиллуулчихаад зургаа дахь сард нь халчих тохиолдол гарсан байна. Мөн барилгын туслах ажилтнуудын цалинг өгөхгүй байх нь элбэг гэнэ. Үүнээс болоод хаана хандахаа мэдэхгүй цалингүй баахан ажилласан хүмүүс ажилд орохдоо болгоомжлох болжээ. Ийм тохиолдол уул уурхайн компаниудад ч мөн байдаг гэнэ. Нүүрсний тээврийн жолооч нарыг өндөр цалинтай, нэг сая төгрөгөөс илүүг өгөх боломжтой хэмээн аваачдаг. Харин тээвэрлэх замдаа дутсан бензиний мөнгийг цалинд нь суутгах, дараа сардаа ажиллаж байж энэ сарынхаа цалинг ав гэх мэт шаардлагуудыг тавьдаг байна.

Тухайлбал, үзэсгэлэнд орол­цож буй 26 настай нэгэн залуу ажил хайж ирсэнтэй нь тааралдаж ийн ярилцлаа.

-Ажлын байр хайж ирэв үү, ямар мэргэжилтэй вэ?

-Би нягтлан бодогч мэргэ­жилтэй. Сургуулиа төгсөөд 1.5 жил болж байна. Уг нь мэргэжлийнхээ ажлыг хийчих санаатай нэлээн явж үзлээ, олдохгүй байна. Ямар сайндаа юмыг яаж мэдэхэв гээд энэ үзэсгэлэнд ирээд байна.

-Ажил олгогчид ямар шаардлага тавьж байна вэ. Уг нь ажлын байрны санал их л байгаа харагдах юм?

-Миний уулзаж үзсэн байгууллагууд ажлын туршлага харж байна. Нягтлан гэдэг бол мэдээж хариуцлагатай ажил л даа. Гэхдээ дөнгөж төгссөн боловсон хүчнээс ажлын туршлага шаардаж байгаа нь бидэнд хэцүү байна.

-Мэргэжлээс чинь өөр ажлын байрны санал ирж байв уу?

-Ирж байсан. Гэхдээ би мэргэжлийн ажлаа хийе л гэж бодсон юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд шинээр ажилд орж буй хүнээ аваад туршлагажуулаад авч болдоггүй юм байх даа. Би сүүлийн үед юу ч хамаагүй хийе л гэж бодох болсон.

-Тухайлбал ямар ажил?

-Янз бүрийн туслах ажил ч хамаагүй ажиллая. Гэхдээ тухайн байгууллагууд найдвартай байж чадах уу гэдэгт эргэлзэж байгаа. Цалингаа өгөхгүй бол яах вэ. Тийм тохиолдол зөндөө байна шүү дээ. Ганцхан сар ажиллачихаад цалингаа авах гэж хагас сар хөөцөлддөг бол хэцүү л байна.

Мөн хөдөлмөрийн яармагт оролцож буй Баянгол дүүргийн иргэн 55 настай цахилгааны инженер мэргэжилтэй Д.Майзар­жавтай уулзахад “Ажилд оръё гээд очсон ч 35-аас дээш насны хүнийг авахгүй байна шүү дээ” гэж байлаа. Тэрбээр эхнэртэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд түүний группын мөнгөөр амьдардаг гэнэ. Хааяа дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт өдрийн 6300 төгрөгөөр хог цэвэрлэх гэх мэт ажил хийдэг ажээ. 

Хөдөлмөрийн яармагт оюут­нуудыг ажилд зуучлах албад цугласан байлаа. Улсын гэх тодотголтой бүх сургууль оюутны ажлын байрт зуучлах албатай байх болжээ. Өөрсдийн оюутнуудыг ажлын байр зуучилсандаа ямар нэгэн төлбөр авдаггүй ба ажлын байрны захиалга тасардаггүй байна. Тухайлбал хөдөлмөрийн яармагт ШУТИС, МУИС-ийн оюутны хөдөлмөрийн алба. Томоохон байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж III-IV курсийн оюутнуудыг ажилд зуучилдаг. ШУТИС-ийн оюутнууд гэхэд мэргэжлийн ажлаа цагийн 2000 орчим төгрөгөөр хийдэг бол мэргэжлийн бус ажлыг 1000-1500 төгрөгөөр хийдэг гэнэ. Тэгвэл МУИС-ийн оюутнууд өдрийн 5-10 мянган төгрөгөөр цагийн ажил хийдэг байна. Тэдний ажил сурталчилгааны материал тараах, танилцуулга хийх зэргээс авахуулаад мэргэжлийн ажил хүртэл байдаг гэнэ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж