“Барса” 1000 км замыг автобусаар туулах болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Барса” 1000 км замыг автобусаар туулах болжээ

Исландад галт уул дэлбэрэлтийн улмаас үүссэн үнсэн үүл Европын орнуудыг халхлан нүүж байгаа учир тус тивийн агаарын зам хаагдаж, ихэнх нисэх компаниуд нислэгээ цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авч байгаа билээ. Гэтэл энэ хүндрэлийг UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооноос эс тооцож, энэ долоо хоногт болох Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтууд хуваарийн дагуу, болох цагтаа болно хэмээн мэдэгдсэн байна. Ингэснээр аваргын алтан цомоо хамгаалахаар өрсөлдөж буй Испанийн “Барселона” клуб мягмар гаригийн шөнөөс өмнө амжиж, Милан хотноо очих зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Түүнчлэн Францын “Лион” клуб мөн л Герман Мюнхен хот руу автобусаар аялахаар болжээ. Аваргуудын лигээс гадна Европын лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд ч мөн дээрхийн ижил байдалд ороод байна.
Каталоны клуб Испанийн хойд зүгээс Италийн Милан хүртэл хоёр өдрийн турш 1000 км замыг автобусаар туулах бөгөөд энэ талаар тус клубын албан ёсны вэбсайтад мэдээлэл тавьсан байна. Тэд ням гаригийн үд дунд аяллын автобусаараа хөдөлсөн бөгөөд Францын Канн хүртэл 634 км замыг туулаад, тэндээ хоноод маргааш өдөр нь буюу өнөөдөр Милан хүртэл 351 км дахин аялах ажээ.
Испанийн Ла лигийг тэргүүлж буй “Барса” бямба гаригийн үдэш “Эспаньол”-той хийсэн тоглолтод гоолгүй тэнцсэн бөгөөд ням гаригт клубын хагас хамгаалагч Серхио Бускетс сэтгүүлчдэд хандан Милан хотын “Сан сиро” цэнгэлдэхэд “Интер Милан”-тай хийх тоглолт амаргүй байх талаар ярьжээ. Тэрбээр “Бидэнд финалын тоглолтод шалгарах боломж бий. Харин бид энэ боломжийг алдмааргүй байна. Гэтэл манай баг ойрын хугацаанд нэг бус хүнд тоглолтод оролцсон, дээр нь Милан руу автобусаар аялах нь тийм ч аятайхан сонсогдохгүй байна. Гэхдээ одоо яая гэхэв, өөр ямар ч аргагүй. Магадгүй дасгалжуулагчийн хамт бүгдээрээ олон цаг автобусанд явах нь биднийг нь илүү ойртуулж, хэн хэнийгээ ойлгоход нэмэр болж, тэгснээрээ бид Интерийг бут ниргэх ч юм билүү. Ер нь бид өмнө нь иймэрхүү урт аялалд гарч байгаагүй. Гэхдээ яахав, хөгжим, бас ганц хоёр кино үзээд явбал аялал тийм ч урт санагдахгүй байх” гэжээ.
“Барелона”-гийн адилаар Францын “Лион” ч мөн урт замыг туулах юм. Тэд мөн бямба гаригийн үдэш лигийн “Бордо” клубтэй тоглож, 2:2 харьцаатай тэнцсэн бөгөөд Бордо хотоос Лион хүртэл 600 км аялсан бөгөөд дараа нь Германыг зорин замд гарах ажээ. Төрөлх хотдоо очсоны дараа тэд Мюнхен хүртэл 750 км-ийн аялалд гарах ба мягмар гаригт Германд очихынхоо өмнө Швейцарийн Цюрих хотноо шөнийг өнгөрүүлэх гэнэ. Урт аяллын талаар багийн ахлагч Крис “Автобусаар долоон цаг явах амаргүй байлаа. Бид унтаж чадаагүй, гэхдээ буу халах сайхан боломж гарсан шүү. Биднийг дахиад 10 цагийн аялал хүлээж байна. Хэцүү л санагдаж байна. Гэхдээ өөр сонголт байхгүгйгээс хойш үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэжээ.
С.Цэлмэг
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж