Даалгаврын анхны ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Даалгаврын анхны ялагч тодорлоо

“Ticket to Hollywood” реалити шоуны гурав дахь  даалгавар болох хошин төрөлд “TV9” телевизийн найруулагч Пүрэвжав “Хайр” сэдвээр  гурван минутын зохиомж хийн шоуны даалгаврын анхны ялагчаар тодрон ерөнхий ивээн тэтгэгч “S Outlet’s” брэнд хувцасны дэлгүүрийн 500.000 төгрөгний эрхийн бичгээр шагнууллаа. Шоуны дараа түүнтэй ярилцлаа.
-Даалгавраа амжилттай гүйцэтгэн энэ шатны уралдаанд ялагч болсонд баяр хүргэе, сэтгэгдэл ямар байна?
-Баярлалаа. Ялагч болсондоо урамтай байгаа.
-Энэ удаагийн хошин төрлөөр даалгавар гүйцэтгэхэд санаагаа хаанаас яаж олж авсан бэ?
– Өвөөдөө майкаар нь зүрх хийдэг санааг би урьд нь олчихсон  рекламанд ашиглана гэж бодож байсан. Хөөрхөн богино хэмжээний хайрын тухай,  хоёр ач хүү өвөөдөө майкаар нь зүрх хайчлан бэлэглэдэг тийм реклам хийнэ гэж боддог байсан. Даалгавар авангуутаа нилээн бодсон инээдмийн зохиол хайгаад, номын санд очиж суугаад зохиол хайгаад олддоггүй. Тэгээд энэ санаагаа аваад задалж бичээд хийгээд түрүүллээ. Хүнийг хайрлах юм бол эргээд хайр ирдэг. Хайр гэхээр л хоёр хүн тэврэлдээд эхэлдэг, гэтэл тэр хүүхдүүд хүн хайрлах гээд байна. Тэр утгаар өвөөгөө хайрлаж буй хайрыг харуулсан. Зохиол дээр өвөөгөө амраахгүй зовоогоод байгаа юм шиг мөртлөө хүүхдүүд хайраа л илэрхийлэх гээд сэтгэл гаргаад байгааг, өвөө нь эхлээд амрах гээд ач нарынхаа санааг ойлгохгүй цааргалаад байсан ч хэрхэн хүлээж аван хайраа илэрхийлж байгааг үзүүлсэн. Хүмүүс нэг нэгнээ гомдоох нь их болж, хайрлахгүй байна. Бие биеэ хайрлая гэдэг санааг л харуулсан.
-Жүжигчдийн сонголтыг яаж хийсэн бэ? Инээдмийн төрөл дээр заавал яагаад Ардын жүжигчин  П.Очирбат гуайг урьсан юм бэ?
-Том, хэцүү даалгавар байсан. Ардын жүжигчин П.Очирбат гуай бол миний багш. Анх тоглуулах хоёр хүүхдээ олчихоод өвөөгөө хайгаад олдоггүй. Багш руугаа яриад хүү нь ийм уралдаанд орж байна та л тус болооч гэхэд багш  “Өө тэгье” гээд уулзаад зохиолоо танилцуулахад инээгээд уриалгахан хүлээж авсан. Тэгээд гэртээ зургаа аваад өөрийнхөө улаан майкийг хайчилсан даа. Хошин шогын жүжигчдийг гараад ирэхээр хүмүүс инээдэг л байх л даа. Хүн инээлгэхэд заавал алиалагч байх шаардлагагүй. Байгаа байдал орчин инээдтэй байж болно. Амьдралд инээдтэй зүйлс зөндөө л байгаа юм чинь. Мундаг хүн чинь аваад гарчихна гэж бодоод Очирбат гуайг сонгосон. Учиргүй хүнийг тас тас хийтэл инээлгэхдээ гол биш хүнд  яг л хөөрхөн юм болж дээ гэж  бодогдуулах,  дулаахан уур амьсгал бүрдүүлэх гэж  сонгосон. Очирбат гуай чинь өөрөө их дулаахан хүн шүү дээ.
– “Хайр” зохиол сэтгэлд тань 100 хувь хүрсэн бүтээл болж чадсан уу?
 -Яг 100 хувь гүйцэлдүүлж чадаагүй. Дараа нь харж байхад дутуу зүйлс байсан.  Бүх л уран бүтээлчдэд л ийм зүйл гардаг. Ингэх байж, тэгэх байж гээд л.
-Дараагийн даалгавраа сугалсан, ямар даалгавар таарсан бэ?
-Энэ удаагийн даалгаврын төрөл нь клип хийх байлаа. Найруулагчид сугалаагаар клипээ сонгосон. Надад дуучин Түмэн-Өлзийгийн  “Даяар амгалан” гээд урт дуу таарлаа. Морин хуур наадмын тэргүүн шагналыг авсан мундаг дуу. Хугацаа нь урт, долоон минутын бараг л гурван клип багтах хэмжээний. Бусад дуучдын ийм урт дуу ховорхон байх. Хүндхэн л даалгавар таарлаа. “Даяар амгалан” гээд нэрийг нь сонсоод л би маш их хэцүү юман дунд тайван байхыг л амгалан  гэж бодсон. Нэгэн хааны тухай түүх байдаг. Хаан  мундаг хоёр зураачтай, тэгээд надад “Амар амгалан” гэж зураг зурж өг гэж зарлиг буулгадаг. Нэг зураач нь хүн хараад ямар гоё юм бэ гээд сэтгэл амрахаар байгаль, цэцэг навч зурдаг. Гэтэл нөгөө зураач нь уулан дээрээс бууж байгаа хүчтэй хүрхрээ, хад асга, бараан үүл зурж өгдөг. Хаан зургийг хараад уурлан энэ зургийг хараад сэтгэл амарч байхад чиний зураг яагаад ийм ширүүн хүрхрээ, шовх хад асга, бараан үүлтэй байгаа юм бэ, үүнийг хараад яаж сэтгэл амрах вэ гэхэд зураач та хүрхрээний хажууд юу байгааг хараач ээ гэж хэлдэг. Тэр хүрхрээний хажууд шувууны үүрэнд тайван унтаж буй шувуу байдаг. Үүнийг л би бодоод энэ л амар амгалан юм уу, аймшигтай юман дотроос амар амгаланг олох л амар амгалан юм байна гээд санаагаа авч байгаа. Элсэн дундаас ургаж буй ногоон навчаар клипнийхээ төгсгөлийг хийнэ гэж бодон хойноос нь ургуулан хийнэ дээ.
-Сайхан клип бүтээгээрэй, амжилт хүсье.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж