Д.Мөнхбаяр буудлагын дэлхийн цомд аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Д.Мөнхбаяр буудлагын дэлхийн цомд аваргаллаа

Манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо буудлагын спортын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд дэлхийн 57 улс орны 640 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж байгаагаас манай улсаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 19 тамирчин оролцож байгаа юм.
Манай мэргэн буудчын салхийг хагалж, өчигдөр Б.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нар эрэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд онч мэргэнээ сорьсноос Б.Бишрэл 57 тамирчнаас 591 оноогоор 27, Д.Ганзориг 588 оноогоор 36, харин Н.Баяраа 583 оноогоор 43-рт бичигджээ. Энэ төрөлд ОХУ-ын тамирчин Денис Соколов 597 оноогоор алт, БНХАУ-ын Жү Цинань мөнгө, Энэтхэгийн Гаган Наранг хүрэл медалийн болзол хангасан байна.
Харин өнөөдөр манай тамирчдаас Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 50 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж, 533 оноогоор 47-р байрт бичигдсэн бол Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар эмэгтэйчүүдийн 10 метрий хийн урт бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, 37 болон 51-р байрт шалгарчээ. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд медальтнууд тодорсон бөгөөд Герман улсын нэр дээр оролцсон Д.Мөнхбаяр 787 оноогоор аваргын алтан медаль хүртжээ. Энэ төрөлд манай улсаас О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын тамирчид өрсөлдсөн бөгөөд ОУХМ Ц.Мөнхзул урьдчилсан буудлагад 584, шигшээ буудлагад 200,9 оноо авснаар 784,9 оноогоор шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харамсалтай нь О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 578 оноо авч, 13-р байрт бичигдсэнээр шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болсон бол Т.Баярцэцэг 569 оноогоор 32-рт бичигдсэнээр мөн шигшээ наймд багтсангүй.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж