Тендер шалгаруулалтыг хянах боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Тендер шалгаруулалтыг хянах боломжтой болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сангийн
    яам нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-тай
    хамтран “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх
    төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд хийгдэх
    ажлын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагаас Чингис зочид буудлын V
    давхарт танилцуулна.

    Манай улс энэ төслийг амжилттай
    хэрэгжүүлснээр Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцооны
    хувьд үсрэнгүй хөгжил болж, Засгийн газрын худалдан авах ажиллагаанд
    нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ
    гэж үзэж байгаа юм.

    Цахим худалдан авах ажиллагааны сүлжээнд
    хэрэглэгчийг бүртгэж, баталгаажуулах, барааны электрон каталоги үүсгэх,
    энэхүү каталогийн тусламжтайгаар цахим дэлгүүр (e-Shopping mall)-ийг
    ажиллуулах, цахим архивыг хөтлөх, цаашлаад цахим худалдан авах
    ажиллагааны системийг эхний ээлжинд цогцоор нь нэвтрүүлэхээр төлөвлөөд
    байна.

    Нэгдсэн журмаар худалдан авах ажиллагааг хийх нь бараа
    бүтээгдэхүүний нэгжийн үнийг бууруулах, улсын хэмжээнд бараа, ажил,
    үйлчилгээний стандарт, нэгдсэн мэдээллийн сан бий болох юм. Нэгдсэн
    мэдээллийн санг ашиглаж тендерт оролцогчдын чадвартай, туршлагатай,
    найдвартай гүйцэтгэгч мөн эсэхийг тодорхойлох явцыг хялбаршуулах ихээхэн
    ач холбогдолтой юм.

    Тендерт оролцогчид тендер шалгаруулалтын
    үнэлгээний явцтай хүссэн үедээ танилцах боломжтой болох бөгөөд тендерт
    оролцож буй бусад этгээдийн талаарх мэдээлэлтэй ч танилцах боломж
    бүрдүүлэх замаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны нээлттэй, ил
    тод байдал, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх юм. Тендер шалгаруулалтын үнэлгээг
    цахим системээр хийж, хүний оролцоог ихээхэн хэмжээгээр бууруулж аливаа
    этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг бууруулах нөхцөл бүрдэх ажээ.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж