
Тоглолтын эхнээс л манлайлж, 2:0 харьцаатай тоглолтыг тэргүүлж байсан Лондонгийн “Мэргэн буучид” тоглолтын сүүлийн арван минутад хаалгандаа гурван гоол алдсанаар ялагдал хүлээсэн юм. Тоглолтын 41 дэх минуатад Тео Уолкотт гоолдож, улмаар хоёрдугаар хагас эхэлсний дараахан Микаэль Сильвестр тооны харьцааг 2:0 болгожээ. “Мэргэн буучид”-ын энэ давуу байдал тоглолтын 80 дахь минут хүртэл үргэлжилж, 11 минутын дотор хаалгандаа гурван гоол алдсанаар айлын талбайгаас гурван оноотой харих боломжоо алдсан юм. 80 дахь минутад “Уиган”-ы солгой хөлтэй хагас хамгаалагч Бен Уотсон тоглолтын хувь заяаг эргүүлсэн гоолыг оруулжээ. Улмаар есөн минутын дараа Титус Брембль тооны харьцааг тэнцүүлсэн бол гоолоос хойш ердөө хоёрхон минутын дараа буюу нэмэлт цагийн эхний минутад франц хамгаалагч Шарль Н’Зогбий “Арсенал”-ын мөрөөдлийг үгүй хийсэн шийдвэрлэх гоолыг оруулснаар тоглолт өндөрлөсөн юм. Бямба гаригийн тоглолтод лигийг тэргүүлэгч “Челси” “Тоттенхэм”-д ялагдаж, оноо алдсан учир “Арсенал”-ын алтан цом өргөх боломж нээлттэй хэвээр байсан боловч тун хариуцлагагүй ялагдал хүлээснээр “Арсенал”-чууд энэ жилийн аваргын өрсөлдөөнөөс хасагдаж байна. Ийнхүү Лондонгийн "Мэргэн буучид" тав дахь жилдээ дараалан цомгүй улирлыг дуусгаж байгаа юм.
Мөн өнгөрсөн шөнө лигийн шилдгүүдийн нэг “Астон Вилла” “Портсмут”-ыг талбайд нь 2:1-ээр буулган авснаар “Ливерпуль”-ийг ардаа орхиж, хүснэгтийн зургаад бичигдэх болов. “Астон Вилла”-гаас Жон Карью, Натан Делфоунесо нар, харин “Портсмут”-аас Майкл Браун гоолджээ.
С.Цэлмэг