Хүний эрхийг зөрчдөг орнууд

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг зөрчдөг орнууд

Хүний эрхийг хамгаалах Америкийн улсуудын Комиссын сүүлчийн тайланд Гондурас улс хүний эрх зөрчдөг орнуудын хар дансанд нэмэгдэн бүртгэгджээ. Энэ комиссоос Америкийн орнуудын Байгууллагад зориулан гаргаж өгсөн тайланд хүний эрх зөрчдөг орнуудын жагсаалтад Коломбиа, Куба, Гайти, Венесуэл улсуудыг хэвээр нь үлдээсэн байна.  
Зургадугаар сард төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Мануэль Селаяг улс орноосоо хөөн гаргасан шалтгаанаар Гондурас улсыг энэхүү хар дансанд нэмж оруулсан байна. Гондураст төрийн эргэлт хийгчид “улс оронд онц байдал тогтоож, олон нийтийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн нухчин дарж, хууль бус баривчлагаа явуулан, аюулгүй байдлын зэвсэгт хүчнийхэн аллага үйлдсэнээс гадна хууль тогтоох тогтолцоо суларч, хууль тогтоох болон гүйцэтгэн захирах эрх баригчид авилгад автагдаж, хэвлэн мэдээлэх эрх чөлөөг хаан боогдуулсан” гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.
Мөн Комиссын тайланд Венесуэл улс 2002 оноос хойш хүний эрхийн байдлаар тус оронд судалгаа хийхийг зөвшөөрөхгүй байгаа юм байна. Энэ нь Америкийн орнуудын Байгууллагын хэмжээнд тогтоосон “хүний эрхийн хамгаалалтын системийг ноцтойгоор сулруулахад хүргэсэн”гэжээ.
Коломбиа улсын хувьд “байнгын бус зэвсэгт бүлэглэлүүдийг устган үгүй болгох талаар тодорхой арга хэмжээ аваагүй” гэж дүгнэсэн байна. Зөвхөн “2009 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл 10737 хүний амь насыг хөнөөсөн ба хоморголон хөнөөсөн 20 тохиолдлоор 102 хүний амь нас үрэгдсэн” гэж тайланд дурджээ.
Куба, Гайти улсын хувьд хүний эрх зөрчигдөж буй тохиолдлууд нь төрийн байгууламжтай холбоотой гэж дүгнэсэн байна. Кубын хувьд эрх барьж буй засаглалын мөн чанараас шалтгаалж байгаа бол Гайти улсын хувьд оршин тогтнож буй засаглалын гүнзгий хямралтай холбоотой гэсэн байна.
Тайланд 2009 онд 13 сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн тохиолдол гарсныг дурдаад  Хүний эрхийн Комисст 1431 гомдол ирснээс Коломбиа, Мексик улс гомдол гаргагч иргэдийнхээ тоогоор тэргүүлж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Manuel M. Cascante. Ciudad Mexico. Бэлтгэсэн Д.Пунцаг

Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж