Э.Халиунболд: Би амьдрал дээр мотоцикль унадаггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд: Би амьдрал дээр мотоцикль унадаггүй

Ойр дотныхон нь түүнийг Халиука гэж дуудна. Түүний инээмсэглэл нь өхөөрдөм хөөрхөн. Уруул, нүд хоёроороо зэрэг инээнэ. Тэгэх бүртээ бүгдийн хайрыг татмаар. Уян зөөлөн тэр инээмсэглэлийн эзэн, миний өмнө суугуу бяцхан Халиука мотоцикль дээрээ суунгуутаа л жинхэнэ эрэмгий баатар эр болж, салхи мэт хурдлан тэнгэрт дүүлэн нисэх шахам давхидагт нь итгэмээргүй. “Өөрийгөө танилцуулаач” гэсэн шал тэнэг асуултаар би ярилцлагаа эхэлж, Халиука ч бас “Намайг Эрдэнэбилэгийн Халиунболд гэдэг” гэж яг таарсан хариултыг надад өгчихөөд таг дуугүй болчихов.

Түүнийг би хэн гэдгийг нь мэдэхгүйгээр зочноор урих гэж үү? Ингэж жаалхан Халиукатай хийсэн нялх ярилцлага эхэлсэн юм.Би чамайг Эрдэнэбилэгийн Халиунболд гэдгийг чинь сайн мэднэ ш дээ. Мэдсэн болоод л хоёулаа энд сууж байна. Би мотоспортын талаар төдийлөн сайн мэдлэггүй болохоор л чамайг өөрийг чинь яриулах санаатай ингээд асуучихлаа гэж би өөрийнхөө тэнэг асуултыг эвтэйхэн аргалах гэж оролдов. Үүний хариуд тэр сэтгэл татам хөөрхөн инээдээрээ намайг шагналаа.


-Хэдэн настайгаасаа уралдаж эхэлсэн бэ?

-Яг уралдаж эхэлсэн гэх юм бол 2000 оноос идэрчүүдийн улсын аварга анх удаа монголд зохиогдсон. Тэр тэмцээнд анх удаа уралдаад түрүүлж байсан.

-Анх уралдаад шууд түрүүлээд л мундаг юм аа. Тэгэхэд чи хэдэн настай байсан юм бэ?

-11-тэй байсан. Мундаг биш ээ, угаасаа намайг анх уралдаж эхлэх тэр үед манайд мотоспортын хөгжил бараг зогсчихсон шахуу байсан. Ердөө дөрөв, тавхан хүүхэд уралдаад би түрүүлсэн байхгүй юу.

-Тэгэхээр хэдэн настайдаа анх мотоцикль унаж сурсан гэсэн үг вэ?

-Дөрвөн настайдаа анх унаж сурсан.

-Ердөө дөрөвхөн настайдаа юу? Итгэмээргүй юм. Дөрвөн настай хүүхэд ямар мотоцикль унаж байсан байна аа?

-Yamaha 50 гэдэг мотоцикль. Хүүхдэд таарсан жижигхэн мотоцикль байдаг юм.

-Одоо чамд бий юу?

-Байхгүй, манай хамаатны хүүхдэд байгаа.

-Өнгөрсөн жил Монголд болсон Азийн аваргад уралдаж байхыг чинь телевизээр харсан. Харамсалтай нь чи бэртчихсэн?

-Азийн аварга жилдээ дөрвөөс таван удаа цувралаар энд тэнд болдог юм л даа. Өнгөрсөн жилийн найман сард манайд Азийн аваргын хоёр дахь цуврал нь зохиогдсон юм. Би харамсалтай нь хоёр дахь гараан дээрээ унаад бэртчихсэн. Зөөлөн эдийн бэртэл байсан юм. Ер нь олон бэртсэн болохоор одоо бугуй, мөрний мултралтай болчихсон байгаа.

-Мотоспорт яах аргагүй эрсдэлтэй спорт болохоор гэмтэх бэртэх явдал байнга л гардаг байх даа?

-Ер нь бол гэмтэнэ. Нэг бэртчихээрээ дараа нь гэмтэл их хүнд тусчих гээд байдаг болчихдог. Жижиг сажиг бэртэл бол ерөөсөө байнга авна ш дээ.

-Энэ жилийн Азийн аваргын гараагаа сайн эхэлж байна. Дахиад Азийн аварга болох боломж хэр байна?

-Яг одоогоор хоёр гарааны уралдаан болчихоод байна. Хоёрдугаар сард болсон эхний гараанд түрүүлж, алтан медаль авсан. Хоёр дахь гараанд хүрэл медаль авлаа. Нийлбэр оноогоороо бол одоогоор тэргүүлж л байна. Үлдсэн гараанаас бүх зүйл шалтгаална. Ер нь бол 2008 онд Азийн аварга болсон амжилтаа батлахыг хүсч байгаа. Тийм болохоор сая болсон сүүлийн гараанд гэмтэлтэй байсан ч гэсэн шүд зуургаад уралдсан. Тэгэхгүй бол оноогоо хасуулна шүү дээ.

-Өнгөрсөн зун дэлхийн аваргад Монголоос анх удаа чи оролцсон. Дэлхийн аваргад уралдах ямар байсан?

-Тийм, өнгөрсөн зургадугаар сард Берлиний Штутгарт хотод болсон тэмцээнийг та хэлж байна. Дэлхийн аварга гэдэг дэлхийн аварга л юм байна лээ. Тэнд орон орныхон ирчихсэн хоорондоо техникээр уралдаж байгаа юм чинь. Мотоциклийн компаниуд хүртэл хоорондоо уралддаг. Ер нь тэгээд мөнгөөрөө уралдаж байгаа юм уу даа. За байз, нийт 67, 68 орны тамирчид уралдсан. Азийн аваргад бол дэлхийн аваргын хажууд цөөхөн хүн ордог ш дээ. Хориод тамирчин л ордог. Тэгээд ч дэлхийн аваргад хүссэн болгоныг оруулаад байдаггүй.

-Азиас манайхаас өөр аль улсын тамирчид дэлхийн аваргад орсон бэ? Ямар шалгуураар чамайг сонгосон юм бол?

-Азиас нэг япон бид хоёр л орсон. Азийн холбооноос хүмүүсээ сонгож явуулдаг. Намайг 2008 оны Азийн аварга гэдгээр нь сонгосон байх. Сая сүүлд Чехэд болсон дэлхийн аваргад Тайландын Фенжаминийг оруулсан. Дэлхийн аваргад оролцсон амжилтын тухайд гэвэл би эхний гараандаа 29-д ороод, хоёр дахь гараан дээрээ 33-т явсан. Тэгээд дунджаар 31 дүгээр байрт орсон. Сүүлд Фенжамин Чехэд болсон дэлхийн аваргад 33-т орсон.

-Өнгөрсөн зун манайд болж өнгөрсөн Азийн аваргад түрүүлсэн Тайланд тамирчин Фенжамин чамайг Азидаа хамгийн том өрсөлдөгч гэж нэрлэсэн байсан. Харин чиний гол өрсөлдөгч хэн бэ?

-Тайландын Фенжамин сайн ш дээ. Японы тамирчид бас их сайн. Азидаа Япон бол тасархай даа.

-Уралдаан тэмцээнд явахдаа тэндээсээ мотоцикль түрээсэлж унах уу? Мотоциклио эндээс авч явж болохгүй юу?

-Даанч онгоцоор авч явуулахгүй л дээ. Уул нь өөрийнхөө мотоциклиор уралдварл их зүгээр л дээ. Энд тэнд тэмцээнд орохдоо тэндээсээ мотоциклио түрээслээд уралддаг. Огт унаж үзээгүй гарт дасал болоогүй мотоцикль унаад уралдах эвгүй л байдаг юм. Тэмцээний өмнө ердөө хорин минут л халаалт хийлгэдэг. Дэлхийн аваргад уралдаж байгаа тамирчдын мотоцикль бол аймаар гоё. 60, 70 мянган долларын мотоциклиуд унадаг. Зарим улсууд зөвхөн өөрийн тамирчиндаа зориулж тусгай мотоцикль хийлгэдэг. Тэгээд мотоциклиудаа аймаар тоноглочихно.

-Халиука одоо ямар мотоцикльтой вэ?

-Хоёр мотоцикльтой. Хоёулаа Yamaha. Нэг нь Yamaha YZT250, YZT450 гээд хоёр ангиллын мотоцикль байгаа. Минийх яахав дажгүй ээ. Мэргэжлийн тамирчдад л зориулсан мотоцикль. Гэхдээ дэлхийн аваргад орж байгаа хүмүүс минийх шиг ийм юм унахгүй. Сая би дэлхийн аваргад орохдоо аймаар гоё мотоцикль унасан. Гэхдээ түрээсийнх л дээ. Амьдралдаа унаж үзээгүй мотоциклио унасан даа, ёстой. Жинхэнэ мотоцикль байсан. Хүмүүст анх удаа мотоцикль унаж үзлээ гэж ярьсан ш дээ.

-Түрээс нь үнэтэй л байсан байх даа?

-Мэдээж үнэтэй л байсан байх. Би зардлыг нь сайн мэдэхгүй байна. Азийн мотоспортын холбооноос бүх зардлыг нь хариуцсан.

-Чиний хоёр мотоцикль ямар үнэтэй вэ?

-Тус бүр нь арван хэдэн мянган доллараар авч байсан. Одоо иений ханш өсөөд үнэ нь нэмэгдсэн байна лээ. Хоёуланг нь ноднин жил авч байсан. Тэрнээс өмнө Honda унаж байсан. Би 2006 оноос мотоциклио эрчимтэй сольж эхэлсэн. Одоо миний долоо, найм дахь мотоциклиуд. Эхнээс нь зараад л дараачийнхыг нь авчихдаг юм. Одоо ирэх жил дахиад шинэ мотоцикль авна.

-Одоо ямар мотоцикльтой болъё гэж бодож байна?

-Yamaha л авах байх даа. Suzuki ч авч магадгүй байгаа. Үйлдвэрээс нь гарч байгаа үзүүлэлтүүдийг нь хараад аль сайныг нь л авна байх. Гэхдээ сэтгэл санаа хоёр хуваагдчихаад байна. Гэхдээ мотоцикль аваал нэг юмыг нь солиход л шар өөр болчихдог. Бид нар тэгээд өөрсдөө солиод л байдаг. Яндангаа солиход л арван морины хүч нэмэх жишээтэй.

-Юунд сэтгэл хуваагдаад байна гэж? Yamaha, Suzuki хоёрт уу?

-Yamaha одоо ганцаархнаа карбиротартой үлдчихсэн. Бусад нь бүгд injection болчихоод байгаа юм л даа.

-Тэр нь яадаг юм?

-Карбиратор болохоор бүх тохируулгаа гараараа хийдэг байхгүй юу. Injection бол тохируулгаа бүгдийг нь компьютераар хийчихнэ. Яг сүүлийн үеийн машинууд шиг л болчихсон гэсэн үг.

-Тэгвэл Yamaha-гаар яах юм бэ? Өөрийг аваач.

-Гэхдээ Yamaha гоё ш дээ. Гоё цэнхэр өнгөтэй.

-Хөөрхөн юм аа. Ердөө өнгөнд нь болж Yamaha авах гээд байгаа юм уу?

-Уул нь Yamaha бүх юманд анхдагч нь байсан ш дээ. Яагаад карбиратортай байгаад байгаа юм бол бүү мэд. Гэхдээ л Yamaha гоё оо. Загвар, дизайнаа бүр шинэчлээд гоё болсон.

-Тэгээд чиний дуртай цэнхэр өнгө зөвхөн Yamaha-д л байдаг юм уу?

-Тийм, Yamaha бас цагааныг хийдэг. Suzuki шар, Kawasaki ногоон, Honda улаан гэх мэт өөр өөрсдийн тогтсон өнгөтэй л дээ.

-Гадуур мотоциклио унадаг уу?

-Нэг их унадаггүй. Ер нь унадаггүй дээ. Хотоор унаж юугаа хийхэв дээ. Хаа нэг унаад явахаар зугаатай л байдаг юм. Явган л жороолно шүү дээ.

-Аймаар давхидаг байх даа?

-Нэг их хурдан давхиад байдаггүй ээ. Угаасаа бид нарын төрөл чинь уралдааных биш, бартаат замын төрөл болохоор. Харайлттай зам дээгүүр л явна гэсэн үг ш дээ. Дотроо motocross, super cross гээд хоёр төрөлтэй. Motocross нь харайлт багатай, шулуун ихтэй байдаг бол нөгөөх нь ойр ойрхон, бараг байнгын л харайлттай байдаг. Мотокросс нь 2,5 км.

-Хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх үү?

-Малгай, уралдааны зориулалтын гутал, өвдөгний хамгаалалт л өмсдөг. Өөр сүртэй хамгаалалт байхгүй ээ.

-Та нарын уралдааны хувцас их гоё. Зөндөө хувцастай юу?

-Янз янзын л өмд, цамц байдаг. Бид нарын хувцас жил жилд шинэчлэгдээд л байдаг. Зөндөө хувцас байгаа. Гэхдээ хувцсаар уралдахгүй ш дээ. Ганган хувцастай нь түрүүлнэ гэсэн юм байхгүй юм чинь /инээв/.

-Чиний хамгийн том амжилт гэвэл?

-За, хамгийн том гэвэл 2008 оны Азийн аварга болсон. Тэгээд олон улсын хэмжээний нэлээд олон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудтай /инээв/.

-Айдаг уу?

-Юунаас?

-Уралдахаас?

-Айвал уралдаад хэрэггүй ш дээ. Гэхдээ дэлхийн аварга энэ тэр гээд том тэмцээнд ороход дотроос нэг л юм оргилоод бас хэцүү байдаг юм байна лээ.

-Байнга үзүүлдэг эмчтэй юу?

-Гэмтлийн эмнэлэг дээр нэг үзүүлдэг эмч байдаг юм. Яг эмчийнхээ үгээр л явдаг. Тэр эмч өмнө нь манай аавд хагалгаа хийж байсан.

-Мэдээж аав чинь чамайг мотоспортын тамирчин болоход гол нөлөө үзүүлсэн байх?

-Тэгэлгүй яахав. Би айлын бага болохоор жаахан байхаасаа л аавыгаа дагаад машиных нь урд суугаад цуг явдаг байсан. Манай өвөө бас Сэлэнгэ аймагт мотоспортыг хөгжүүлсэн хүн. Манай ах Ууганбаяр бас мотоспортоор 2003 он хүртэл хичээллэж байгаад больсон.

-Танайх чинь бараг гэр бүлээрээ уралддаг юм байна. Ээжид чинь хэцүү байдаг байх даа, гэрийнх нь эрчүүд бүгд уралдаад?

-Ээж залуугаасаа аавыг дагаж явсаар байгаад бүр сурчихсаан.

-Гэхдээ л айдаг байх? Аав чинь өөрөө энэ спортоос болж хүндээр гэмтэж бэртсэн болохоор чамайг бас тийм байдалд орчих вий гэж эмээдэг болов уу?

-Ээж намайг тэмцээн уралдаанд орохын өмнө ном уншуулдаг юм. Аав бол мэдээж айдаг л байх. Би аавтайгаа бараг байнга л шахуу цуг явдаг, тэмцээн уралдаанд. Гэхдээ заримдаа санхүүгийн асуудал хэцүү байвал ганцаараа явчихдаг. Аав 1996 онд намайг найман настай байхад “Мастер ралли” гээд олон улсын тэмцээнд оролцож байхдаа бэртсэн. Францаас гараа гараад Монголд орж ирчихээд Монголын нутаг дээр осолд орчихсон. Тэр жил би уг нь сургуульд орох ёстой байсан юм. Тэгээд аав бэртчихсэн болохоор хүн бүр хэцүү байдалтай, юун намайг сургуульд оруулах манатай байсан. Тэгээд дараа жил нь сургуульд орж байсан.

-Одоо оюутан уу?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш, дасгалжуулагчийн мэргэжлээр сурч байгаа. Энэ жил төгсөнө.

-Ямар чиглэлээр багш, дасгалжуулагч болох гэж байна?

-Сайн мэдэхгүй байна. Ер нь бол спорттой холбоогүй өөр чиглэлээр дахин суръя гэж бодож байгаа.

-Сүүлийн үед автомашины уралдаанд ороод байгаа. Автоор уралдах ямар  санагдсан?

-Мотоциклиос их өөр юм байна лээ. Нэг юман дотор яваад байдаг болохоор уналаа гэхэд нэг нь шууд биеэрээ унана, нөгөөх нь нэг юман дотор унана /инээв/. Ялгаа нь энэ юм уу даа. Чөлөөт цагаараа завтай үедээ автоор хичээллэнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд болсон “Монбет мастер кросс” тэмцээнд анх удаа оролцоод гуравдугаарт орж ирсэн.

-Хүндэлж, үлгэр дууриал авдаг тамирчин гэвэл хэнийг хэлэх вэ?

-Австралийн Chad Reed гээп нэг тамирчин байдаг. Үнэхээр сайн тамирчин. Одоо 25 настай. Өмнө нь Америкийн аваргад гадаадын тамирчид тоотой хэдэн удаа л түрүүлж байсан. Chad Reed Австралийн аварга болчихоод дараа нь Америкт очоод Америкийн аварга болчихсон.

-Америкийн аварга тэгэхээр их нэр хүндтэй тэмцээн байх нь ээ?

-Тийм. Нэг хэсэг бараг дэлхийн аваргаас ч илүү нэр хүндтэй болчихсон байсан. Яагаад гэвэл Америкийн аваргын шагналын сан их өндөр байдаг болохоор. Хамаг сайн тамирчид тэнд орохыг хүсдэг. Тэгээд одоо дэлхийн мотоспортоос жаахан бодлого энэ тэр бариад дэлхийн аварга буцаад гайгүй болж байгаа л даа.

-Та нарын уралдаж байгааг харахад нүд хальтрам аймаар санагддаг. Эргэлтэн дээр мотоцикль нь бараг хажуугаараа газар шүргэх шахаад л. Бие биенийгээ дайрчих гээд их эрсдэлтэй?

-Хажуу тийшээ налаад эргэхээр хөл багтахаа больдог. Тэгээд хөлөө нааш нь татаж байгаад рулийнхээ наагуур оруулаад нугалчихдаг. Эргэлтэн дээр очихоор зам нарийхан болчихдог болохоор хоорондоо хавиралдаад, шахцалдаад унана. Нэг хүн унахаар л бүгд дагаж уначих гээд байдаг. Хааяа нэг нэгнийгээ аймаар муухай дайрдаг ш дээ. Яах ч аргагүй л дайрчихдаг. Мотоцикль дээгүүр бол бүр тоохгүй гарна. Шууд дайраад л яваад өгдөг. Би Дарханд нэг тэмцээнд уралдсан юм. Тэгсэн тэр тэмцээн дээр би нэг хүнийг араас нь мөргөөд унагачихсан байхгүй юу. Тэгсэн чинь өөр нэг хүн миний нуруун дээгүүр мотоцикльтойгоо гараад явчихсан. Тэгээд би бүүр манараад л аймаар сонин болсон. Нэг дайруулчихаад, хоёр дайруулчихаад за больё гэж бодсоноо гэнэт шал дургүй хүрээд тэгж явж өгсөн.

-Тэгээд яасан?

-Тэгээд яахав дээ. Яваад л байсан. Тэгсэн чинь би гуравдугаарт явж байсан. Тэгээд ямар ч байсан хоёрдугаарт оръё гээд зүтгээд байсан чинь сүүлдээ нэгт яваа хүн ч их ойрхон харагдаад тэгээд ойртсоор байгаад би түрүүлчихсэн ш дээ.

-Ямар мундаг юм бэ. Тэгээд мотоцикль дээгүүр нь дайраад гарчихаар тэр мотоцикль нь будаа болдог уу?

-Гайгүй ээ. Нэг их эвдрээд байх юм байдаггүй юм аа.

-Яагаад тэгж аймаар бие биенийгээ дайрдаг байна аа. Зам нь нарийдаад байдаг юм болов уу?

-Өргөн байж байгаад хумигдаад, хумигдаад зам нь нарийсаад л байдаг. Эргэлтэн дээр очихоор нарийсаад гарааны бараг талын тал шиг болчихдог. Уул нь арван хэдэн хүнд бол хангалттай л өргөн байсан ш дээ. Хамгийн ашигтай зам руугаа дайрснаас л болж байгаа юм. Орост нэг тэмцээнд орсон чинь нэг Оросын тамирчин харайгаад яг миний толгой дээр мотоцикльтойгоо буучихсан. Ер нь иймэрхүү зүйлүүд байнга л гардаг даа. Заримдаа бид нар бие биенийгээ унаж байгааг хараад шоолдог ш дээ. Хөндлөнгийн хүн харахад бол унаж байгаа нь аягүй аймаар харагдана. Гэтэл бид нарт инээдтэй харагдаад байдаг. Яаж унаж байгааг нь бид нар ерөнхийдөө мэддэг болохоор тэгдэг байх. Би нэг уначихаад нэг хуруугаа цуулчихсан байхгүй юу, тэгээд хачин царайлчихаад байж байсан чинь манай бас нэг хүүхэд унаад тэгснээ бүр эхэр татаад уйлаад байсан чинь миний инээд аймаар хүрээд зөндөө шоолсон, тэрнийг. Тэр хүүхэд намайг унасан чинь “Өө, Халиука уначихлаа” гээд шоолоод байсан чинь өөрөө уначихсан. Манай мотоспортын хоёр хүүхэд ноднин байнга  хоорондоо мөргөлддөг байсан. Суудал муудал нь нэг байсан юм уу, хаашаа юм. Мөргөлдөхөөрөө л нэг юм болно. Нэг нэгэн дээрээ буугаад нэг нь гараа хугалаад, нөгөө нь хөлөө хугалж байсан. Бүтэн жил тэр хоёр мөргөлдсөн, аягүй сонин.

-Мотоспортод насны хязгаар гэж бий юу?

-Ер нь бол 25, 26 гээд ихэнх тамирчид больдог л доо. Гэхдээ нодлин Америкийн аваргад дөчөөд насны хүн уралдаад гуравт орж ирж л байсан. Тэгэхээр чадаж байвал хэд ч хүртлээ уралдсан болохгүй гэх юм байхгүй л дээ. Америкийн аварга шагнал их өндөртэй болохоор сайн тамирчид илүү ордог болсон. Дэлхийн мото спортоос бодлого бариад одоо байдал арай өөр болж байгаа.

-Чи хэр удаан уралдъя гэж бодож байна?

-Ямар ч байсан дахиад хоёр, гурван жил уралдана аа.

-Энэ гарандаа зүүсэн цэнхэр юм чинь юу вэ?

-Тэнцвэр баригч. Энийг зүүчихээр тэнцвэртэй болчихдог юм.

-Сонирхолтой юм. Зүгээр л энэ бугуйвчийг зүүхээр тэнцвэр нэмэгдэнэ гэж үү?

-Нээрээ. Та намайг түлхээд үз. /Нээрээ түлхсэн чинь хөдлөхгүй байна/

-Ямар сонин юм. Үнэхээр нөлөөлдөг л юм байх даа. Хоёр талдаа зүүвэл яах уу?  Эсвэл бүр олныг зүүчихвэл яах бол? Бүр л тэнцвэртэй болох уу?

-Тийм байх. Энийг зүүхээр бага ядардаг гээд байдаг юм. Хамаагүй тэнцвэртэй болдог юм байна лээ. Усны давалгаан дээр гулгадаг нөгөө surfing-ийнхэн ийм тэнцвэр баригч хэрэглэдэг гэсэн ш дээ. Мото жийпийн нэг тамирчин уралдахдаа биедээ бараг гуч, дөчин тэнцвэр баригч наадаг гэсэн. Энэ бас зүгээр наачихдаг ч байдаг юм.

-Азийн аваргын шагнал хэр байсан бэ?

-Азийн аваргын шагнал нь бага ш дээ. Цом, медаль л өгсөн. Гэхдээ улсаас гайгүй шагнал өгсөн.

-Тэгээд улсаас өгсөн шагналаа юунд зарцуулсан бэ?

-Өрөө дарсан /инээв/.

-Ямар өр?

-Мөнгөний проблемтай үедээ ийм тийшээ тэмцээнд явахдаа мөнгө зээлээд л явчихдаг байсан. Тэгээд тэр өрнүүдээ бүгдийг нь өгсөн.

-Тэгээд л өрөө дараад дуусчихсан юм уу?

-Үгүй л дээ, мөнгө үлдсэн. Тэрүүгээрээ дараа дараагийн тэмцээндээ зардлаа өөрөө гаргаад явсан.

-Чиний хобби юу вэ?

-Хобби байхгүй ээ /инээв/.

-Мотоциклиос өөр хобби байхгүй юу?


-Байхгүй. Нээрээ хобби гэвэл анд явах юм байна. Буудах их дуртай.


-Ямар ан?

-Зөвшөөрөлтэй амьтнуудыг л. Буу гэхдээ гал алдах юм бол аймаар аюултай. Сагсуу хүмүүстэй явбал бас хэцүү л юм байна лээ. Буу муугаа аймаар хамаагүй авч явдаг. Аавтайгаа анд явах их гоё байдаг. Байнга явахгүй ээ бас. Хааяа, хааяа л явдаг. Дандаа яваад байвал дуусчихна ш дээ.

-Юу дуусна гэж?

-Амьтнууд.

-Явсан газруудаас чинь хамгийн их таалагдсан орон юу байв?

Нэг хэсэг би Японд бэлтгэл хийсэн. Тэгэхэд их гоё байсан. Дандаа сайн тамирчидтай бэлтгэл хийгээд л гоё юм байна лээ. Гэхдээ тэнд байхдаа хөгийн жижигхэн өрөөнд амьдардаг байсан. Бараг орны гудас дэвсгэрээ тавиад л өрөө дүүрчихдэг байсан. Би ахтайгаа цуг амьдарч байсан.

-За, дүүдээ амжилт хүсье. Энэ жил дахиад Азийн аварга болоорой.

-Баярлалаа.

Ж.Нандинзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж