Европт галт уул дэлбэрсэн нь спортод нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Европт галт уул дэлбэрсэн нь спортод нөлөөлж байна

Исландад галт уул дэлбэрч, галт уулын өрхнөөс гарч байгаа их хэмжээний үнснээс үүссэнүүл Европын хойд хэсгийг халхлан нүүж байгаа учир тус тивийн томоохон нисэх компаниуд нислэгээ тодорхой бус хугацаагаар хойшлуулсаар байгаа билээ. Харин энэ байдал ирэх долоо хоногийн дундуур болох UEFA-гийн Аваргуудын лиг болон Европын лигийн хагас шигшээ тоглолтын хуваарьт нөлөөлөх бололтой. Галт уулын өрхнөөс гарч буй үнсэн үүл ойрын өдрүүдэд намдах төлөвгүй байгаа тул тивийн хэмжээнд нислэг хойшилж, цуцлагдаж байгаа нь хөлбөмбөгийн багууд улс хооронд аялах боломжийг хааж байгаа юм. Энэ байдал мэргэжлийн дугуйн спорт болон Бостонгийн марафон уралдаан, мөн мэргэжлийн бөхийн спортод ч хамааралтай.

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтыг авч үзвэл, Испанийн “Барселона” клуб мягмар гаригийн үдэш Италийн Милан хотноо “Интер Милан”-тай тоглох бол Францын “Лион” клуб Германы “Баейрн Мюнхен”-тэй лхагва гаригийн шөнө тоглох юм. Мөн Европын лигийн хагас шигшээд Английн хоёр клуб, тодруулбал, “Ливерпуль” “Атлетико Мадрид”-д, харин “Фулхэм” “Хамбург”-ийн талбайд зочлох учиртай.

Түүнчлэн өнөөдөр Голландад эхлэх мэргэжлийн дугуйн спортын “Amstel Gold” уралдаанд Алехандро Вальверде, Карлос Састре, Брэдли Уиггинс нарын нислэг цуцлагдсан учир топ дугуйчид тус тэмцээндоролцох боломжгүй болж байгаа юм.
Олимпийн наадамд амжилттай оролцсон Мороккогийн марафонч Абделла Фалил даваа гаригт болох Бостонгийн марафон гүйлтэд оролцох ёстой байсан ч мөн л дээрхийн ижил шалтгаанаар уралдааныг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.

Дээр нь, мэргэжлийн бөхчүүдэд ч энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Европ тивийг тойрон хоёр долоо хоног үргэлжлэх “World Wrestling Entertainment” өндөрлөх шатандаа орсон бөгөөд зарим баг тамирчид Францын Льевен хотоос Ирландын Бельфаст хүртэл бүтэн 17 цаг автобус болон усан онгоцоор аялах шаардлагатай тулгарчээ. Гэтэл тэд онгоцоор ниссэн бол ердөө 90 минут л зарцуулах байсан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж