Авьяаслаг, чадвартай роботууд бүтээх болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Авьяаслаг, чадвартай роботууд бүтээх болжээ

Токио хотноо зохиогдсон Олон улсын роботын үзэсгэлэнд дотоод, гадаадын 64 компанийн бүтээсэн хамгийн сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй, чадварлаг 192 робот оролцсон байна. Тэдгээр бүтээлүүдээс “Motoman” нэртэй Японы “Yaskawa Electric” корпорацийн бүтээл тогооч робот олны анхаарлыг ихэд татжээ. Японы уламжлалт “окономияки” хэмээн нэрлэдэг өвөрмөц содон амттай бинг тун чадварлаг хийж, үзэгчдийг дайлж байсан уг робот “Үнэхээр амттай шүү, амтлаад үзээрэй” хэмээн робот хоолойгоор хэлж, үзэгчдийг алмайруулсан байна. Хэмжээний хувьд дунд зэргийн нуруутай хүнтэй ойролцоо өндөртэй “Motoman”-ыг бүтээсэн инженерүүдийн хэлснээр “H-Type” хэмээн нэрлэсэн роботын гарны хэсгийг бүтээхэд ярвигтай, хамгийн урт хугацааг зарцуулжээ. Нимгэн бинг унагалгүйгээр барьж, халуун тогоон дээр амжилттай шарах чадвартай болгохын тулд зохион бүтээгчид хичээж ажилласан бөгөөд хэзээ нэгэн цагт асаргаа шаардлагатай өндөр настан болон бага насны хүүхдүүдийн үнэнч туслах нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тус үзэсгэлэнгийн бас нэгэн сор болсон бүтээл нь “Eager” компанийн бүтээсэн гуалиг эмэгтэй хүний бие хаа, төрхтэй, картон цаасаар бүтээсэн робот байжээ. Уг робот нь дэлхий дээрх анхны байгаль орчинд хор хөнөөл учруулахааргүй материалаар бүтсэн робот гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд дуу чимээ гаргахгүй, хөнгөн жинтэй, гуалиг бие хаа болон зөөлөн уян хатан хөдөлгөөнтэй учир дэлгүүрийн шилэн цонхны цаана эсвэл театрын тайзнаа байрлуулахад тохиромжтой гэнэ.
Түүнчлэн бусад өндөр чадвартай роботуудтай харьцуулшгүй боловч үзэгчдийн таашаалд нийцсэн нэгэн онцлох робот нь “Ropid” нэртэй бяцхан робот байв. Японы Кёотогийн их сургуулийн “Robo-Garage” танхимыг үүсгэн байгуулагч, эрдэмтэн Томотака Такахашигийн бүтээсэн ердөө 38 см өндөр, 1.6 кг жинтэй бөгөөд хуванцар материалаар бүтсэн “Ropid” робот нь өхөөрдөм хөөрхөн загвартайгаас гадна хүний хэлсэн коммандыг чадварлаг гүйцэтгэх бөгөөд ярих үед ам нь ангайж хөдөлдөг гэнэ. Харилцаа холбооны энэ чадвараас гадна “Ropid” робот бусад ижил төрлийн роботуудтай харьцуулахад илүү хурдан алхаж, гүйж, үсэрч чаддаг аж.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж