
“Тоттенхэм”-ийн Уайт Харт Лейн цэнгэлдэхэд зочилсон Лондонгийн “Цэнхрүүд” талбайд 10-уулаа үлдэж, 2:1 харьцаатай хожигдсон бол Премьер лигийн алтан цомын төлөө өрсөлдөж буй “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө дербидээ ялалт байгуулснаар тэдний хоорондын онооны зөрүү ердөө ганцхан болов.
“Тоттенхэм”-ийн хувьд долоо хоногийн дундуур “Арсенал”-тай тоглож, 2:1 харьцаатай буулган авч формтой байгаагаа харуулсан бол өнгөрсөн шөнийн тоглолтод “Цэнхрүүд”-ийн ахлагч Жон Терри улаан картаар торгуулж, талбайд 10-уулаа үлдсэн лондончуудыг тэд талбайдаа төвөггүй хожсон байна. “Тоттенхэм Хотспур” ирэх бямба гаригт “МанЮ”-гийн талбайд зочлох бөгөөд өчигдрийн агуу ялалтынхаа ачаар 64 оноотой болж, “Ман Сити”-гээс хоёр онооны илүүгээр хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдлээ.
Карло Анчелоттигийн цэргүүд улирлын үлдсэн гурван тоглолтод “Уиган”, “Ливерпуль”, “Стоук Сити”-тэй тоглох бөгөөд сүүлийн гурван жил дараалан лигт түрүү авсан “МанЮ”-гийн ноёрхлыг эцэслэж чадна гэдэгт Анчелотти итгэлтэй байгаа юм. Тэрбээр өнгөрсөн шөнийн тоглолтын дараа “Бид одоо сэтгэл санааны хувьд цочирдохгүй байх хэрэгтэй. Одоо биднийг талбай дээрээ хийх хоёр тоглолт, бас нэг хүндхэн тулаан хүлээж байна. Бид дахин шилдгүүд байж чадна. Одоогийн нөхцөл байдалд нэг онооны илүү гэдэг муу зүйл биш. Би үргэлж өөртөө итгэлтэй байдаг. Өчигдрийнхтэй харьцуулахад багассан ч гэсэн бид одоо ч гэсэн давуу байдалд байна” хэмээн ярьжээ.
Тоглолтын дөнгөж 15 дахь минутад шүүгч Фил Доуд шүгэл үлээж, Жон Террид улаан карт гардуулж, торгуулийн шугам руу зааснаар Английн шигшээ багийн довтлогч Жермейн Дефо торгуулийн цохилтоор тооны харьцааг нээжээ. Шүүгчийн шийдвэр өрөөсгөл талтай байсан ч мягмар гаригийн “Болтон”-той хийсэн тоглолтод бөмбөгөнд гар хүрсэн боловч шийтгэлгүй өнгөрсөн Терри шийтгэлээ хожим хүртсэн нь энэ байв.
Тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Гарет Бейл гоолдсоноор талбайн эзэд 2:0-ээр тоглолтыг манлайлах болжээ. Гэхдээ үүнээс өмнө “Цэнхрүүд” эзэн багийн хаалганд бөмбөг оруулсан боловч Флоран Малуда отон тоглолтод орсон байсан учир гоолыг тооцоогүй юм.
Тоглолтын үндсэн цагт “Тоттенхэм” 2:0-ээр ялалт байгуулсан боловч шүүгч таван минут сунгаж, улмаар нэмэлт цагийн хоёр дахь минутад Фрэнк Лампард тооны харьцааг 2:1 болгосноор тоглолт өндөрлөжээ.
Харин “Манчестер Юнайтед”-ын хувьд Пол Скоулзын гоолын ачаар өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авчээ. “Ман Сити”-гийн цэнгэлдэхэд болсон Манчестерийн дербигийн хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Скоулз нэмэлт цагт оруулж, багтаа чухал ялалт авчирсан байна. Скоулз ийнхүү багийнхаа төлөө 149 дэх гоолоо оруулжээ.
Өнгөрсөн шөнө болсон тоглолтын дүн:
“Бирмингхэм” 0:0 “Халл Сити”
“Блэкбурн” 2:3 “Эвертон”
“Фулхэм” 0:0 “Вулвес”
“Ман Сити” 0:1 “Манчестер Юнайтед”
“Стоук Сити” 1:2 “Болтон”
“Сандерлэнд” 2:1 “Барнли”
“Тоттенхэм” 2:1 “Челси”
С.Цэлмэг