Бхуттогийн хэргийн буруутнуудыг хатуу шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Бхуттогийн хэргийн буруутнуудыг хатуу шийтгэнэ

Пакистаны Засгийн газар тус орны ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн амь насыг хөнөөсөн гэм буруутнуудыг бүгдийг хатуу шийтгэхээр мөрдөн байцаалтдаа боломжийн бүх арга хэмжээг авч явуулна  гэж мэдэгдлээ. НҮБ-ын тусгай комисс Бхуттогийн үхэлд Пакистаны эрх баригчдыг буруутгасан илтгэлээ хэвлүүлсний дараа  тус орны эрх баригчид энэ тухай мэдэгдсэн байна. Бараг хагас жил үргэлжилсэн комиссийн ажлын явцад Пакистаны эрх баригчид Бхуттогийн амь насанд халдах оролдлогын талаар мэдээлэлтэй байсан ч түүний аюулгүй байдлыг хангах талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт хийгдсэн байна. Беназир Бхутто сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд Пакистаны Равалпинди хотод хорлогдсон билээ. Дэлбэрэлт болон түүнийг бэлтгэсэн хариуцлагыг Пакистаны эрх баригчид “Аль-Каида” ба “Талибан” байгууллагад өгсөн юм. Хожим энэ хэрэгт сэжиглэгдсэн таван хүнийг баривчилсан байв. Ерөнхийлөгч асан Пеовез Мушарраф сануулсаар байтал үл тоосон учраас Бхутто өөрийн үхэлдээ буруутай гэсэн мэдэгдэл хийж байсан юм.
Бхуттог хөнөөсөн хэргийг мөрдөх тусгай комиссийг НҮБ-ын санаачлагаар 2009 оны долдугаар сарын 1-нд байгуулсан ба мөрдөн байцаалтын явцад 250 удаа мэдүүлэг авч хэдэн зуун гэрэл зураг, баримт бичигтэй комисс танилцсан байна.
2010 оны дөрөвдүгээр сарын 15-нд Бхуттогийн амийг хөнөөсөн мөрдөн байцаалтын үр дүнг нийтэлсэн байна. Тэнд бичснээр Пакистаны тагнуулын алба  экс ерөнхий сайдын амь насанд халдах гэж байгаа мэдээлэлтэй байсан ч түүнээс урьдчилан сэргийлэх талаар юу ч хийсэнгүй гэж өгүүлсэн байна. Мөн Беназир Бхуттог хөнөөхөд исламын террористуудаас гадна Пакистаны албан тушаалтнууд оролцсон байж магадгүй гэсэн дүгнэлтийг мөрдөн байцаагчид хийжээ.  Мушаррафын зөвлөх байсан Рашид Куреши (Rashid Qureshi) комиссийн дүгнэлтийг ямар ч үндэслэлгүй гэж бүрэн үгүйсгэжээ.
Энэ үеэр тус орны ерөнхийлөгч ба Бхуттогийн нөхөр Асиф Али Зардарийн толгойлдог Пакистаны эрх баригч Ардын нам комиссийн ажлын дүнг дэмжив. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Фархатуллах Бабар (Farhatullah Babar) хэлэхдээ авсан мэдээлэл нь Беназир Бхуттогийн алагдсан хэргийг мөрдөж байгаа Пакистаны  хууль хяналтын байгууллагын ажлыг хурдасгана гэлээ. Бхуттогийн амь үрэгдсэн хэргийн эхний хуралдаан дөрөвдүгээр сарын 21-нд болно. Исламабад ба НҮБ хоёрын тохиролцсоны дагуу сэжигтнүүдийн гэм буруугийн төвшин ба цээрлэлийг Пакистан тодорхойлох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж