
Номын нээлт дээр хийлийн “амьд” квартет тоглосон нь Монголд анхных болсныг хөтлөгч бас онцоллоо. Улсын филармонийн гоцлол хөгжимчид түүнийг эгшиглүүлсэн юм. “Хэцүү анги” кинонд тоглосон “Фантастик” хамтлагийн залуус ном бүрийн онцлогийг харуулсан тоглолт үзүүлсэн нь бас л өвөрмөц шийдэл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвэлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Эрдэнэболд шинэ ном бүрийн өвөрмөц онцлогоос харуулсан хэсгүүдийг нээлтийн ёслолд оролцогсдод уншиж сонсгосон нь содон байв. Ц.Оюунгэрэлийн аав ууган тариаланч Л.Цэдэвдамба, найз нөхөд нь үг хэлж шинэхэн номуудад мялаалга өргөлөө. Мөн БСШУЯ-ны ажилтан Б.Хишигбуян хөдөөгийн 391 сургуульд Ажил мэргэжлийн бага лавлах толь, Миний ажлын ноу хау номуудыг хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр сургуулиа төгсч буй хүүхэд залуус мэргэжлээ хэрхэн сонгож, яаж өөртөө ажлын байр бий болгох тухай мэдэгдэхүүнтэй болох ажээ. Ц.Оюунгэрэл Орчны эрүүл мэндийн тухай хэмээх номыг монгол хэлнээ буулгахдаа өдөрт 35-40 хуудас орчуулж 600 шахам хуудастай номыг 19 хоногт гараас гаргаж байсныг найз нөхөд нь бахархан дурдаж байлаа.
Ц.Оюунгэрэл өмнө нь “Ногоон нүдэн лам” хэмээх бест селлерийг бичиж байсан. Тэр бол үнэхээр реклам шаардахгүй чухал ном болсныг уншигчид хонцолж байсан юм.
Д.ОЮУН