Автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон,  тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн эрүүл мэндийн өдрийг  “Хотжилт ба эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэж байгаа ажээ. Хотжилт нь 21 дүгээр зуунд хүн төрөлхтөний эрүүл мэндийг тодорхойлогч үндсэн хүчин зүйл болно гэж эрдэмтэд үзэж байна. 2009 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот хөдөөгийн хөгжил ялгаатай байгаагаас шалтгаалан иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хот, суурин руу олноороо  шилжин суурьших  болсон. Үүнээс үүдэн  хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч, хотын агаар, ус, хөрс ихээр бохирдож, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох бусад байгууллагууд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран дөрөвдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд “1000 хот-1000 амьдрал” аянд нэгдэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж байгаа юм. Энэхүү өдрийг зөвхөн Улаанбаатарт төдийгүй Дархан, Эрдэнэт, Дундговь аймгууд мөн зохион байгуулахаар болсон байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж