Манай урд хөршийн Шанхай хотноо бүтэн сайн өдөр болох формула 1-ийн дөрөв дэх гранпри уралдааны өмнө багууд уламжлал ёсоор эхний туршилтаа хийлээ. Туршилтын үед 5.451 км замыг нисгэгчдээс хамгийн хурдан хугацаанд МакЛарены Жэнсон Баттон туулсан байна. Дэлхийн аваргын үзүүлсэн 1 минут 36,677 секунд цагтай хамгийн их ойртсон нисгэгч нь Мерседес Жи Пи багийн Нико Росбэрг байлаа. Тэрээр тэргүүлэгчээс 0,071 секундээр удаан байсан аж. Гуравт Макларены нөгөө нисгэгч Луйс Хэмилтон орж Британийн баг Шанхайд муугүй уралдах төлөвтэйг харууллаа. Эдгээр нисгэгчдийн араас Ф1-ийн долоон удаагийн аварга Михайл Шумахэр, өнгөрсөн жилийн Шанхайн гран пригийн ялагч Сэбастьен Веттел, Робэрт Кюбица, Виталий Петров нарын нисгэгчид хурдан цагийг үзүүлжээ. Харин Фэррари багийн хувьд Фэлиппэ Масса дөнгөж 10-р байрт орсон бол Фэрнандо Алонсо замын дундаас машиных нь моторт гэмтэл гарч тойргоо дуусгаж чадсангүй. Фэррари шинэ улирал эхэлснээс хойш моторын асуудлаа шийдэж чадахгүй байсаар өнөөг хүрсэн нь цааш аваргын төлөө өрслөдөхөд нь саад болж магадгүй байна. Тус багийн моторыг хэрэглэдэг Торро Росо багт ч энэ асуудал үүсээд байгаа нь батлагдлаа. Торро Росогийн Швейцарь нисгэгч Сэбастьен Буэмигийн машины урд хоёр дугуй замын дунд салж осолдсон байна.
“ Score” studio А.Анхбаяр