
Дэлхийн чансааг тэргүүлэгч Ронни О’ Салливан эхний шатанд Хятадын Лян Вэнботой оноолт таарсан бөгөөд 34 настай англи тамирчин 2008 оны ДАШТ-ий 2-р шатанд тус тамирчинтай таарч эхний 2 фрэймийг алдсан ч эцэст нь 13:7-ийн харьцаатай хожин, улмаар тэр жилийнхээ ДА болж байсан түүхтэй. Спортын замналынхаа турш 2001, 2004, 2008 онуудад ДА болж байсан Салливан харин өнгөрсөн жил ДА-ын 2-р шатанд Умард Ирландын снүкерч Марк Аллэнд 11:13-аар хожигдон шуугиан тарьж байсан юм. Өнгөрсөн жил нээлт болж байсан Марк Аллэн хагас шигшээ хүртэл явж чадсан ч аварга болох ерөөлтэй байсан Жон Хиггинст ялагдсан билээ. Шотланд снүкерч өнгөрсөн жил түрүүлснээр дэлхийн аварга цолыг гурав дахиа хүртсэн бөгөөд энэ жилийн түүний өрсөлдөгч нь Английн Бэрри Хоукинс байх аж. Мөн 30 дахь ДАШТ-д оролцож байгаа дэлхийн зургаан удаагийн аварга Стив Дэвис чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Марк Кингтэй өрсөлдөхөөр болсон байна. Маргааш болон нөгөөдөр тэмцээний эхний шатны тулаан болж, ирэх долоо хоногийн пүрэв, баасан, бямба гаригт 2-р шатны тулаанууд үргэлжлэх юм. 2-р шатанд тамирчид 25 фрэймийг хувааж өрсөлдөнө.
“ Score” studio А.Анхбаяр