Иргэд үнийн өсөлтөөс айж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Иргэд үнийн өсөлтөөс айж байна

Хүний хөгжлийн сангаас иргэдэд өгч байгаа 70 мянган төгрөг олгох II ээлжийн ажил өчигдрөөс эхэлж байна. Энэ удаад Монгол Улсын хөдөлмөрийн насны бүх иргэд 70 мянган төгрөгөө авах эрхтэй. Албаны хүний хэлснээр хүний хөгжил сангаас 70 мянган төгрөгөө авах иргэдэд дараалал үүсгэж, ажилд хүндрэл үүсгэж, иргэдийг бухимдуулахгүй гэдэг үүднээс харьяа баг хороон дээр хуваарийн дагуу үйлчлэх зохицуулалт хийсэн гэж мэдээлж байгаа. Нийслэлийн зарим хороод дээр энэхүү ажлыг хир зэрэг зохион байгуулалттай явуулж байгааг тодруулахаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороон дээр очлоо. Тус хороонд 70 мянган төгрөгөө авахын тулд хуваарьт өдрөө шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэд өглөөний 06 цагаас эхлэн дугаарлаж байгаа талаар ярьж байсан юм. Тэдний дунд бараг л өнөөдөр аваад өдрийн хоол унд, хэрэгцээгээ зохицуулах байсан юм гэж үглэж, бухимдсан нэг биш иргэн байв. Хувь хишиг олгох ажлыг ахлан зохион байгуулж буй БЗД-ийн 23 дугаар хорооны ажилтан Г.Дэлгэрсайханаас ажлын явцын талаар тодруулж асуулаа.

-Хүний хөгжил сангаас 70 мянган төгрөг олгох ажлыг орон даяар эхлүүллээ. Танай хороонд өнөөдрийн /өчигдөр/ байдлаар хичнээн иргэдэд үйлчлээд байна вэ?

-Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 400 гаруй хүнд бичилт хийгээд байна. Ажлын ачаалал их байгааг та гаднаас орж ирэхдээ харсан байх. Хорооны хэсгийн ахлагч нарыгаа дайчлаад, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Бичилтээ хийлгэж, дэвтрээ авсан иргэд банкнаас хэзээ мөнгөө авах вэ?

-Мөнгөө энэ сарын 20-нд банкнаас авна. Тодруулбал, бичилт хийлгэсэн иргэд энэ сарын 20-ноос шууд авах эрхтэй болно.

-Энэ сарын 15-наас мөнгийг шууд олгож эхэлнэ гэж холбогдох шатны удирдлагууд мэдэгдэж байсан?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өнөөдрөөс бид бичилтээ эхэлж байна.

-Иргэдийн бичиг баримтын зөрчил хир гарч байна вэ?

-Манай хороо Баянзүрх дүүрэгтээ хамгийн олон хүн амтай. Нийтдээ 13670 бүртгэлтэй иргэн байдгаас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 4800 орчим иргэдэд өнгөрсөн хоёрдугаар сард олгосон. Одоогийн байдлаар 9000 гаруй бүртгэлтэй иргэд байгаа ч сүүлийн үед бичиг баримтын зөрчилтэй, хаягын бүртгэл хийлгээгүй иргэд их ирж байгаа. Нийслэлийн захын хороодын адилаар хөдөөнөөс шилжиж ирсэн иргэд хаягийн бүртгэлээ хийлгээгүй өнөөдрийг хүрсэн тохиолдол их байна.
Ингээд гадна бичилтээ хийлгэх гэж дугаарлан зогссон иргэдээс төрөөс олгож байгаа энэ мөнгийг чухам юунд зарцуулах талаар асууж сонирхсон юм.

 Тус хорооны иргэн М.Уранцэцэг:

-Манайхаас 4 хүн бичилт хийлгэж, мөнгөө авах юм. Манайх энэ мөнгөөр дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. Яг үнэндээ би энэ мөнгийг авахыг нэг их хүсээгүй. Яагаад гэвэл мөнгө тараах сургаар бараа бүтээгдэхүүний үнэ талийж өгнө. Нэгэнт өгөн гээд байгаа мөнгийг авахгүй гээд яахав дээ. Бидний амьдрал үнэхээр хүнд байна. Ингэж их, багаар тарааж байснаас ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэддээ тэр хэмжээний банкны баталгаа гаргаад өгчихсөн бол хамаагүй өгөөжтэй байх байсан. Энэ 70 мянган төгрөгөөр архи уух нь уугаад, өмсөх нь өмсөөд үр бүтээлгүй зараад дуусах байх.

23 дугаар хорооны иргэн Д.Лиза:

-Хүүхдүүдийнхээ бичилтийг хийлгэх гээд дугаарлаад өглөөнөөс хойш зогсож байна. Одоогоор бол өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулна гэж л бодож байгаа. Бэлэн мөнгө тараах сургаар юмны үнэ өсөх байх. Үүнийг төр засаг анхаарч үзнэ гэдэгт найдаж байна.

23 дугаар хорооны иргэн Г.Баттөмөр:

-Эх орны баялгаас иргэн бүртээ хуваарилах нь зөв. Орон гэрээ тохижуулахад л зарцуулна гэж бодож байна. Мөнгө тараах сургаар үнийн зохицуулалтад анхаарал хандуулахгүй бол маргааш нэг кило мах 10 мянга болохыг хэн байг гэх юм бэ. Тэгвэл 70 мянга биш 70 төгрөг өгсөнтэй л адил гэсэн үг.

Д.Долгорсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж