
Ардчилсан намын ҮЗХ маргааш 10.00 цагаас Төрийн ордны их танхимд хуралдахаар урьдчилсан байдлаар товлоод байгаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг өнөөдөр үдээс хойш хуралдах Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх юм байна. Гэвч гүйцэтгэх зөвлөлийн хуралтай хуралгүй тодорхой болоод байгаа нэг асуудал нь Ардчилсан намаас мэндэлсэн Ардчилсан хүчний холбооныхон намын даргаа бухахаар янз бүрийн “комбинац”-иудыг ээлж дараалан зохиож байгаа гэнэ. Засгийн газар муу ажиллаж байна, 1,5 саяа өгөхгүй байна, Оюутолгойн гэрээ Монголын талд алдагдалтай болсон, Ардчилсан нам ардчиллаас ухарсан гээд л гудамжинд өлсөөд байсан иргэний хөдөлгөөнүүдийг үгээс иш татан намын даргаа баалж өгөх юм байх аа. Төр барилцаж байгаа намын лидерүүд иргэний хөдөлгөөнийнхөнтэй нэг байр суурьтай байж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Тэд мөн өлсөгчдийн уриа лоозонгоос гадна намын даргынхаа хэвлэлд өгсөн ярилцлагууд дээр ч бас анализ хийж эхэлжээ. Тэгээд “С.Баяр шиг сэтгэдэг хүн одоохондоо Монголд алга аа” гээд хэлчихэнгүүт нь “Монголд байхгүй ч манай намд байгаа. Та ер нь намаасаа урвасан, шарвасан” гээд л намын даргаа буулгаж авах юм гэнэ дээ. Тэгэхээр Ардчилсан нам Америкт байдаг юм болов уу, Ангараг дээр үү?
Б.ЗАЯА