Контемпорари
урлагийн “Хөх нар” төвийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэнд очиж
сонирхлоо. Энэ төвийн тэргүүн, зураач, уран барималч Ё.Далх-Очиртой таарч, цөөн хором ярилцсан
юм.
-Таны Яагаад заавал
“Мессеж-10”
юм бэ?
-Миний “Мессеж”
үзэсгэлэнд
багтсан цуврал бүтээлүүдийн нэг л дээ. Зургаа зурахад ямар нэг юмтай
холбогдож,
сүнслэг, сүлдлэг агуулгыг мэдэрч сэтгэлд нэг тийм орон зай үүсдэг.
Далдаас ямар
нэгэн дохио ирээд байх шиг санагддаг. Тэгээд би тэр надад ирж байгаа
дохиогоо л
мессеж гэж илэрхийлсэн.
-Тэгвэл “Далхаа чи
хаана явна
вэ?” гэж та өөрөө өөрийгөө эрж хайсан нь сонин байна?
-Энийгээ зураад
сууж байхад утсанд
мессеж ирэхгүй юу, “Далхаа чи хаана явна” гээд. Тэгэнгүүт нь л ингээд
нэрлэчихсэн.
-Таныхаар нэр бол
тухайн
бүтээлийн агуулгыг илэрхийлэхтэй ямар ч холбоогүй байх нь?
-За, ер нь бол
тийм. Заавал
утга санаагаа илэрхийлэх албагүй. Баянхонгорын говьд явж байгаад энийг
зурах
дохио авсан. Энэ эмэгтэй нэг харах нь ээ хэвтэж байгаа ч юм шиг, эсвэл
сууж
байгаа ч юм шиг…
-Энэ хоёр зураг
ерөнхийдөө яг
ижилхэн. Гэхдээ хоёр дахь зурган дээр эмэгтэйгийн хөдөлгөөн нь өөр, бас
хэвтэж
байгаа хэлбэрт нь бүсэлхий хэсгээрээ тасархайтсан байна. Анх орж ирээд
энэ
зургийг хараад би таныг магадгүй эндээс өөрийгөө хайж байгаа юм шиг
санагдсан. Эмэгтэй
хүний, эхийн хэвлийгээс ч юм уу…?
-Гол нь энэ хоёр
зургийн
хөдөлгөөн нь арай өөр байгаа биз? Хальтхан харахад яг л сууж байгаа
хүүхэн,
лавшруулаад харвал бас хэвтэж байгаа. Юу ч гэж, ямар ч утгаар ойлгож
болно. Энд
арван хүн байхад арвуулаа өөрөөр бодож болно.
-Танд ирсэн дохио,
таны бодож
зурснаас өөрөөр ойлгож ч болно биз дээ?
-Тийм. Миний
илэрхийллийг шал
өөрөөр харж бас болно.
Тэр дэндүү намуухан
ярина. Яриаг нь сонсохын тулд ямар их мэрийх хэрэгтэй
гэж санана. Түүний намуухан яриаг нам дарчихаад надад сонсогдуулахгүй
шахам байсан
далайн түрлэгний чимээнд бяцхан уур хүрч байв. Танхимын ханан дээр гарч
байсан
видео бичлэгээр нэгэн далайн эрэг дээр монгол гэр үзэгдэнэ. Бүр яг эрэг
дээр нь
тэр гэрийг барьчихаж. Хэн нэгэн дээлтэй монгол хүн наана нь зогсон
гэрийн өрх,
оосрыг татаж байна.
-Энэ ямар учиртай
гэр, хаана
байгаа юм бол?
-Манай залуу уран
бүтээлч
Т.Энхболд Голландын Роттердамд очиж, тэнд Атлантын далайн эрэг дээр
монгол
гэрээ барьж соёлын өдөр зохиосон юм. Тэгээд тэр гэр нь энэ л дээ. Энэ
үзэсгэлэнгийн хамгийн сайн бүтээлүүдийн нэг Энхболдын энэ “Нүүдэл
суудал” гээд
холимог техник. Адууны хомоолоор хийсэн бүтээл байгаа юм.
-Холимог техник гэж
яг юу юм?
-Англиар бол mixed
media юм
л даа. Энэ
үзэсгэлэнгийн маань бас нэг хүчтэй
бүтээл бол тэр зураач Батзоригийн “Урсдаг тойрог”.
-Дандаа тойрог
зурдаг,
түүгээрээ алдартай нэг зураачийн тухай сонсч байсан юм байна. Тэр зураач
бараг
мөн байх, тийм ээ?
-Тийм, Батзориг
мөн.
-Энэ тойргийг
зурахад хар зураг
гаргахгүй юу? Маш том зураг байна.
-Үгүй, ямар ч хар
зураг
гаргахгүй. Энэ том тойргийг ингэж зурж байгаа техник нь маш сонин л доо.
-Хар зураг гаргаад
түүнийхээ
дагуу зурахаар хиймэл болчих уу?
-Тийм. Батзоригийн
энэ
тойргуудаа яаж зурдаг техник нь их анхаарал татдаг юм.
Танхимын төв хэсэгт
нэгэн “элсэн” инстолляци байна. Орон зайн урлагийн энэхүү
содон бүтээлийн эзэн нь тэр. Нэр нь дахиад л мессежтэй холбоотой. Энэ
удаад “Мессеж-3”.
-Энэ элсэн дээрх
янз бүрийн
хэлбэр дүрстэй төмөрнүүд үү?
-Тийм ээ, хаягдал
төмөр байгаа
юм. Би хаягдал төмөр цуглуулдаг. Одоо бараг 700, 800-гаад юм бий. Энд,
тэнд явж
байгаад гоё хэлбэр дүрстэй төмөр олохоороо аягүй их баярладаг ш дээ.
Бараг 100
доллар гудамжнаас олчихсон юм шиг л баярлана. Тэгээд тэд нараараа ийм
бүтээл
хийсэн юм. Гуанжоуд болсон трейналд шилдэг бүтээлийн шагнал авсан.
-Жишээлбэл, нэг
овгор элсэн дээрх
төмөрний хэлбэр нь наран шарлагын газрын сандал шиг харагдаж байна? Энэ
тэгээд
цаанаасаа ийм хэлбэртэй төмөр байсан хэрэг үү?
-Тийм, сонин байгаа
биз? Яг л
ийм хэлбэртэйгээр олдсон. /Бүгд янз бүрийн сонирхолтой хэлбэртэй байсан
юм/.
Энэ чинь дуутай ш дээ.
-Хаанаа?
-Чи цаад талд нь
очоод сонсоод
үз.
Нээрэн сонсоод
үзэхэд тэр жижиг элсэн овоонуудаас хүнгэнэсэн этгээд дуу
чимээ гарч байв. Сонирхол татмаар, бас зугаатай юм. Sound art бүтээл байх
нь. ”Төрөлхөөсөө” гоё илэрхийлэлтэй
төмрүүд, тэгээд дотроо бас дуутай.
-Та энэ бүтээлээрээ
үзэсгэлэнд
оролцох бүртээ элсээ зөөх үү?
-Тэгнэ. Сая гэхэд л
машинаар
зөөгөөд л ирсэн. Төмрүүд нь харин нэх хүнд биш ээ. Зун дулаарахаар манай
урланд
ялаа их шавна. Тэгээд нөгөө ялааны наалддаг хор байдаг ш дээ, тэрнийг
тавьчихангуут нөгөө ялаанууд чинь өөрсдөө ирээд наалдчихдаг. Би тэд
нарыгаа
цуглуулчихсан байгаа. Нэлээн их ялаа бий. Түүгээрээ нэг юм хийнээ.
-Сонин цуглуулга
байна
-Баахан хөсрий
гутал бас
цуглуулсан. 200-гаад гутал байгаа. Түүгээрээ бас нэг юм хийнэ байх. Чи
дараа
манай урлан дээр ирж үзээрэй.
-Үзэсгэлэнгийн
дуудлага
худалдаа 17-нд гэсэн байх аа. Ингэхэд таны “Мессеж-3“-ыг хүн авъя гэвэл
зарах
уу?
–Үнэтэй
ш дээ.
-Баярлалаа.
Үзэсгэлэнд тань
амжилт хүсье.
Ж.Нандиа