Тайз дэлгэцийн арын албаар аялаарай

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Тайз дэлгэцийн арын албаар аялаарай

Өнөөдөр урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд тайз дэлгэцийн зураач, соёлын тэргүүний ажилтан С.Ариунболдын уран бүтээлийн “Сценограф” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ удаагийн “Сценограф” үзэсгэлэн Хүүхэлдэйн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Ардын дуу бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Барилгын цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон хөдөө орон нутгийн театрууд, Оросын театрууд, Өвөр монголын театрууд гээд өөрийн оронд төдийгүй гадаадын улс орнуудын театрын хөгжилд хувь нэмрээ оруулсан дуурь, концерт, жүжгийн тайз заслын эх загвар, макет, хувцас хэрэгслийн эх загвар, түүхэн киноны эх загвар, бодит үзмэрүүд, уран зураг гээд зураачийн хорь шахам жилийн ур ухаан, хөдөлмөр шингэсэн 100 гаруй уран бүтээлээс бүрдэж байгаа юм. Тэрбээр ОХУ-ын Киев хотын Балетын театрт “Спартак” бүжгэн жүжиг, Улаан-Үдийн “Гоо марал” театрт “Монгол гарвал” жүжиг, ДБЭТ-т “Кармен” бүжгэн жүжиг, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжиг, Шанхай хотод болсон “Өвөр монголын ардын найрал дууны наадам”–д зориулсан концерт, “Өэлүн эх” үндэсний сонгодог дуурь, 2008 онд Үндэсний их баяр наадам, “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг гээд олон арван тайз дэлгэцийн бүтээлд ерөнхий зураачаар ажиллаж, урлагийн сор болсон бүтээлүүдийг тайзан дээр амилуулахад өөрийн мэргэжлийн ур чадвар, бүтээлч хөдөлмөрөөрөө томоохон хувь нэмэр оруулж иржээ.
“Тайз дэлгэцийн ард ажилладаг уран бүтээлчийн бүтээл тэр бүр үзэгчдэд ил тод харагдах нь ховор, сурталчилгаа муутай, театрын агуулахад дарагдаж үрэгддэг байдлыг халахыг зорьсон” гэж зураач С.Ариунболд энэ үзэсгэлэнгийнхээ зорилгыг тодорхойлсон юм. Сүүлийн 20 жил театр, киноны тайзны зураачдын үзэсгэлэн гараагүй юм байна. Тус үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд театр тайзны арын албаар аялахыг хүсвэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимыг зориорой.
Г.Даша

Гэрэл зургийн цомгийг эндээс сонирхоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж