Дэлхийн улаанбуудайн ургац асар өслөө

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн улаанбуудайн ургац асар өслөө

Дэлхийн улаанбуудайн нөөц 2002 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Тиймээс энэ жил АНУ-ын тариаланчид бүх талбайдаа тариалалт хийхгүй өнжсөн ч улаан буудайн нөөц илүү гарах бололтой. Үүнтэй холбоотойгоор урьдчилсан гэрээний үнэ сүүлийн 15 жилд байгаагүйгээр унасан байна. Сүүлийн хоёр жилд Австрали, Оросын ургацын хэмжээ 34 хувиар өссөн нь энэхүү улаан буудайн тариалалтын огцом үсрэлтэд нөлөөлсөн байна. АНУ-ын тариаланчид сүүлийн 39 жилийн түүхэндээ хамгийн бага талбайд тариалалт хийж байгаа ч дэлхийн улаан буудайн гарц өндөр байгаад нөлөөлсөнгүй. “Bloomberg”-ийн шинжээчид энэ оны долдугаар сар гэхэд улаанбуудайн үнэ 8.8 хувиар унах болно гэж таамаглаж байна.
Газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдэж Гайти, Индонезид хүнсний асуудалтай холбоотой бослого гарсан. АНУ, Канад, Орос зэрэг улсууд хүнсний экспортын зах зээлийн төлөө өрсөлдөж байна. “Hovis” бренд талх үйлдвэрлэдэг Их Британийн “Premier Foods Plc”–ийн орлого эхний улиралд 14 хувиар буурсан байна.  
“Одоо нөөц дэндүү их байна. Үнийг хэвийн төвшинд байлгахын тулд бид эхлээд энэ нөөцөө хэвийн хэмжээнд оруулах хэрэгтэй” гэж АНУ-ын Оклахома хотод байрладаг “Барааны мэдээллийн систем” компанийн ерөнхийлөгч Bill Gary ярьж байна. 1961 оноос хойш гурилын худалдаа дагнан эрхэлсэн тэрээр энэ оны наймдугаар сар гэхэд нэг бушел /нэг бушел улаан буудай 27.2155 килограммтай тэнцдэг / улаанбуудайн үнэ 17 орчим хувиар буурч, дөрвөн ам.доллар болно гэж үзэж байна. Санхүүгийн хямралын нөхцөл байдал үүнд давхар нөлөөлбөл улаанбуудайн үнэ бушел нь 3.50 ам.доллар болж ч магадгүй гэж тэрбээр бас нэмж хэлсэн.  
АНУ-ын фермерүүд дэлхийн улаанбуудайн хамгийн том экспортлогчид. Энэ жил тэдний дэлхийн зах зээлд эзлэх хувь 19 хувь болж буурсан. 2008 онд 29 хувийг эзэлж байсан юм. Оросын улаанбуудайн экспорт 2004 онд 11 хувь байсан бол одоо 14 хувь болон өсөөд байна. Энэ зах зээлийн 12 хувийг эзэмшдэг байсан Австрали хувь сүүлийн хоёр жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдээд байна. Зах зээлийн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын тариаланчид энэ жил улаанбуудай бага тариалж, шош, эрдэнэшиш зэрэг өөр хүнсний тариалалтаа нэмэгдүүлэх бололтой.
Энэ жил Хойд Америкийн ургацын өмнө тавдугаар сарын 31-ний байдлаар дэлхийн улаанбуудайн ургацын нөөц 195.82 сая метр тонн байна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент дөрөвдүгээр сарын 9-нд мэдээлсэн. Энэ нь дэлхийн нийт эрэлтээс 30 хувиар илүү байгаа бөгөөд 2004 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. АНУ-ын ургацыг оруулж тоолохгүй байсан ч дэлхийн улаанбуудайн нийт ургац энэ тавдугаар сарын 31 гэхэд 165.23 сая тонн байх нь дэлхийн нийт эрэлтээс 21 хувь илүү юм.

Одоо байгаа ургацын нөөцнийхөө үнийг унагахгүйн тулд АНУ-ын тариаланчид тариалангаа нэмэгдүүлэхгүй гэж байгаа бөгөөд хэрвээ энэ нь үр дүнд хүрвэл ирэх гурван сард нэг бушел улаан буудайн үнэ таван ам.доллар болж, аравдугаар сар гэхэд 5.5 ам.доллар, жилийн дараа гэхэд зургаан ам.доллар болж магадгүй гэж “Goldman Sachs Group”-ын эдийн засагчид тооцоолж байна. Хятад улаанбуудайн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд энэ жилийн долдугаар сарын 1-нээс ургацаа хурааж эхлэх бөгөөд 101.4 сая тонн ургац авахаар тооцоолж магадгүй гэж Шанхай хотод байрладаг “JC Intelligence Co” компанийн шинжээч Li Dongfa мэдээлж байна. Өнгөрсөн намар Хятадын фермерүүд 24.7 сая гектар газар тариалалт хийсэн байна.

Энэтхэг улс улаанбуудайн хоёр дахь том үйлдвэрлэгч бөгөөд энэ жил дотоодын улаанбуудайн нөөцөө бууруулахын тулд гадагшаа экспортлох хоригийг сулруулах болно гэж Энэтхэгийн Фермийн Яамны сайд Sharad Pawar гуравдугаар сарын 18-нд мэдэгдсэн. Энэтхэг энэ жил 80.28 сая тонн ургац хурааж магадгүй байгаа юм байна.

Өнгөрсөн жил АНУ-ын улаанбуудайн экспортын эрэлт бага байсан. Учир нь Мексикийн булангын далайн боомтоос тээвэрлэх нь Орос юм уу Австралаас тээвэрлэх зардлаас үнэтэй байсан юм. Дэлхийн улаанбуудайн хамгийн том импортлогч Египет дөрөвдүгээр сарын 1-нд Оросоос 60,000 метр тонн улаанбуудайг нэг тонныг нь 167.7 ам.доллараар худалдаж авсан. Мөн энэ өдөр АНУ-ын Шинэ Орлеанд улаанбуудайн үнэ 179.95 ам.доллар байсан гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментын тоо баримт харуулж байна. Өмнө нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан 12 улс 1992 онд 21.2 сая тонн улаан буудай экспортолдог байсан бол 2009 оны байдлаар 29.125 сая тонн экспортолсон байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж