Семенья ӨАБНУ-ын шигшээд багтсангүй

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Семенья ӨАБНУ-ын шигшээд багтсангүй

Кени улсад долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд зохиогдох Африк тивийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Өмнөд Африкийн үндэсний шигшээ багт Кастер Семенья багтсангүй. 19 настай залуу тамирчин Семенья өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтэд аваргалсан бөгөөд түүний дараа хүйс тогтоох шинжилгээнд хамрагдсан юм. Тэрнээс хойш Семенья дахин уралдаагүй боловч зургадугаар сарын 24-нд Испанийн Зарагоза хотод болох уулзалт тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тивийн аваргад оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн 57 тамирчны тоонд дэлхийн аварга Семенья багтаагүй боловч тус улсын хөнгөн атлетикийн холбооны дэд тэргүүн Ричард Стандер тамирчдын нэрсийг эцсийн байдлаар гаргаагүй байгаа гэжээ. Тэрбээр “Энэ бол эцсийн шийдвэр биш. Шалгуур маш энгийн. Сүүлийн хэдэн сарын турш идэвхтэй байж, уралдаан, тэмцээнд амжилт гаргасан тамирчид шигшээ багт багтсан байгаа. Хэдийгээр Кастер шигшээ багт багтаагүй боловч эцсийн хугацаа буюу зургадугаар сарын 6 хүртэл өөрийнхөө чадварыг харуулах хангалттай боломж байна. Тэмцээнээс өмнөх хагас жилээс урт хугацаанд гаргасан амжилт үүнд ямар ч хамаагүй” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж