Киргизэд хэн туслах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Киргизэд хэн туслах вэ?

Киргизэд болж байгаа үйл явдалд тухайн улсад цэргийн баазуудаа байрлуулсан АНУ болон ОХУ-ын удирдлагууд хэрхэн хандаж байгаа нь дэлхий нитйийн анхаарлыг татаж байгаа юм. Өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин засгийн газрын хурал дээрээ хэлэхэдээ ” Киргизэд юу ч болж байсан энэ бол тэдний й л асуудал.Гэхдээ манай хоёр улсын хооронд онцгой харилцаа байдгийн хувьд хэцүү бэрх энэ үед бид нөхдөдөө туслах ёстой” гэжээ. Мөн тэрээр Киргизийн түр засгийн газраас ОХУ-ын удирдлагад хандан тусламж хүссэн гэдгийг хэлээд Киргизийн өмнөх засгийн газрын эрх мэдэлтнүүд улс орныхоо сан хөмрөгийг хоослон хулгайлсан гэдэг мэдээлэл түр засгийн газар нь өгч байгаа гэжээ. “Энэ бол мэдээж бидний шүүх асуудал биш. Тэгэхдээ л туслах учиртай. Тийм учраасэнэ хүсэлтийг нь энэ долоо хоногийн дотор багтааж биелүүлэх талаар шаардлагатай төсөл бэлдэж ирэхийг хүсье” гэжээ. Энэ хурал дээр ОХУ-ын Сангийн сайд Киргизэд 20 сая ам.долларын тусламж өгч чадахын зэрэгцээ Россельхоз банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 30 сая ам.долларын зээл өгөх боломжтой юм гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведев мягмар гарагт Вашингтогд хэлсэн үгэндээ Киргиз нь умард болон өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдаж иргэний дайн гарахад ойрхон байна гэсэн мэдээлэл хийжээ. “Энэхүү цус асгаруулсан байдлыг зогсоох хэрэгтэй” гэж Медведев хэлсэн байна. Тэрээр энэ улсад анархи байдал газар авч улмаар лалын дайчдын бааз болон хувирах вий гэдгээс болгоомжилж байна гэдгээ илэрхийлээд “Энэхүү хямралын үеэр хэт даврагчдад таатай нөхцөл байдал үүсч улмаар Киргиз улсын оронд бас нэг Афганистан бий болох вий” гэж ярьсан байна. Ийм учраас Киргизийн одоогийн ерөнхийлөгч Бакиевт таатай хандахгүй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч илэрхийлжээ. АНУ-ын хувьд өчигдөр төрийн нарийн бичгийн даргын туслахаа Киргиз рүү илгээж түр засгийн газрын тэргүүн Отунбаеватай уулзуулсан байна. Энэ уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгч “Түр засгийн газрын төлөвлөж байгаа зүйлд зарим талаараа итгэл төрж байна. Бид одоо болж байгаа байдлаас гарахад нь туслахад бэлэн гэж ойлгож байгаа”  хэмээн мэдэгджээ. Уулзатын үеэр Отунбаева АНУ-ын талаас үр тариа болон газар тариаланд шаардлагатай байгаа химийн бүтээгдэхүүнүүд мөн шатахуун зэргээр туслахыг хүсчээ. Хариуд нь Киргизэд байрлаж байгаа АНУ-ын агаарын хүчний түрээсийн хугцаааг “автоматаар” сунгана гэж Отунбаева хэлсэн ажээ. Харин ямар хугацаагаар сунгах талаар яригдаагүй бөгөөд энэ талаар Отунбаева саяхан хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байсан юм байна.
Киргизийн зарим хотуудад үндэстэн хоорондын сөргөолдөөн ч гарах болсон бөгөөд өчигдөр Жалал- абад хотноо Бакиевийн талыг дэмжсэн иргэд сөрөг талынхантайгаа зэрэгцэн цуглаан хийснээс зодоон тэмцэлдээн гарчээ. 

бичлэг http://world.news.mn/video/738.shtml

М.Наст
Эх сурвалж Ассошейтэд Пресс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж